АНУ-ын кантри хөгжмийн ертөнцийн домог, тус урсгалын анхны хар арьст супер од Чарли Прайд-ын амьдрал, уран бүтээлийн замналыг хүндэтгэх "Opry 100 Honors" арга хэмжээ есдүгээр сарын 22-нд Нэшвилл хотын "Grand Ole Opry House"-т болохоор товлогджээ.
Энэхүү хүндэтгэлийн тоглолтод Opry-ийн гишүүд болох Дариус Ракер, Пэм Тиллис болон Нил Маккой, мөн Чарли Прайдын хүү Дион Прайд нар оролцож, тайзнаа гарна. "Grand Ole Opry" бол миний аавын зүрхэнд онцгой байр суурь эзэлдэг газар байсан. Түүний хайрлаж явсан тайзан дээр уран бүтээлийг нь ийнхүү хүндэтгэн тэмдэглэж байгаад манай гэр бүл гүнээ талархаж байна" хэмээн Дион Прайд сэтгэгдлээ хуваалцжээ.
Миссисипи мужаас гаралтай Чарли Прайд нь "Kiss an Angel Good Mornin'", "Is Anybody Goin' to San Antone" зэрэг олон алдарт дуугаараа танигдсан уран бүтээлч юм. Тэрээр 1960-аад онд RCA Records-той гэрээ байгуулж, "Just Between You and Me" дуугаараа амжилтын гараагаа эхлүүлж байв. Карьерынхаа туршид тэрээр Billboard-ын Hot Country Songs жагсаалтыг 29 удаа тэргүүлж, Грэммийн гурван шагнал хүртэж байсан түүхтэй. Мөн 1971 онд CMA-ийн "Оны шилдэг уран бүтээлч"-ээр тодорч, 2000 онд Кантри хөгжмийн алдрын танхимд багтсан билээ.
Opry-ийн гүйцэтгэх продюсер Дэн Рожерс "Чарли Прайдын Opry-д ирсэн орой бүр жинхэнэ үйл явдал болдог байсан. Түүний тоглолт гайхалтай, үзэгчдийн хариу үйлдэл давтагдашгүй байлаа" хэмээн дурссан юм.
Тус арга хэмжээний тасалбар бүрээс 5 долларыг кантри хөгжмийн салбарт ажиллагсдад тусламж үзүүлдэг "Opry Trust Fund" санд хандивлана. "Opry 100 Honors" цуврал арга хэмжээ нь 2025 оноос хойш Лоретта Линн, Жонни Кэш, Хэнк Уильямс зэрэг олон домогт уран бүтээлчдийг алдаршуулсаар ирсэн юм.