Видео тоглоом сонирхогчдын дунд өндөр хүлээлт үүсгээд буй Grand Theft Auto VI тоглоомын ертөнцөд тоглогчид даалгавар биелүүлэх хоорондоо бургер идэх, такси дуудах эсвэл утсаараа сошиал медиа үзэх боломжтой. Тоглоомын үйл явдал өрнөх Leonida мужид бодит амьдралын брэндүүдийг санагдуулам олон сонирхолтой зохиомол нэршил, үйлчилгээнүүд багтжээ.
Бодит амьдралыг элэглэсэн брэнд зохиох нь Rockstar Games-ийн олон жилийн уламжлал юм. 2013 онд гарсан GTA V тоглоомд Facebook-ийг элэглэсэн Lifeinvader, Sprunk ундаа, Burger Shot, Los Santos Customs болон зураг дарах зориулалттай Snapmatic багтаж байсан. Харин GTA 6 тоглоомд Snapmatic нь Instagram загварын сошиал сүлжээ болж шинэчлэгдсэнээс гадна Ryde Me нэртэй такси дуудлагын апп нэмэгджээ.
Тоглоомд гарах сонирхолтой зохиомол брэндүүд
Rockstar-ын тоглоомын явцын урьдчилсан бичлэг болон трэйлерүүдэд хэд хэдэн шинэ брэнд үзэгдсэн байна. Тухайлбал, Arby's түргэн хоолны сүлжээг элэглэсэн Chacey's нь 30,000 орчим калоритой хоол болон Lasso Fries шарсан төмс санал болгодог ба Southside болон Salton бүсэд салбартай аж. Мөн замын хажуугийн Hank's Waffles зэрэг түргэн хоолны 21 цэг Leonida мужид тэмдэглэгдсэн байна.
Үүнээс гадна ундааны хувьд Sprite-ийг орлох Sprunk, Coca-Cola-г элэглэсэн eCola, Fanta-г төлөөлөх FizzAzz багтжээ. 7-Eleven дэлгүүрийг 24/7 нэрээр оруулсан бөгөөд Big Chug нэртэй ундаа зардаг байна. Тансаг зэрэглэлийн Dior брэндийг "These are Dix lips" уриатай Dix уруулын будаг болгон элэглэсэн бол автомашин хулгайлах зориулалттай WAINK нэртэй шинэ апп нэмэгджээ. Энэхүү апп нь зогсоолд байгаа машины үнэ цэн, дохиолол эсвэл байршил тогтоогчтой эсэхийг нь шалгадаг байна.
Мөн Angstipan нэртэй сэтгэл гутралын эсрэг эмийн сурталчилгаа, Fox News сувгийг элэглэсэн "Never Miss Information" уриатай Weazel News, түүнчлэн өөрийн гэсэн олон ангит кинотой Telemundo загварын Megamundo телевиз тоглоомд багтжээ.