Шинэ томоохон видео тоглоом гарах үеэр ажлаасаа чөлөө авах нь тоглогчдын дунд түгээмэл байдаг уламжлал билээ. Тэгвэл олон нийтийн дунд өндөр хүлээлт үүсгээд буй Grand Theft Auto VI (GTA 6) тоглоом 11 дүгээр сарын 19-ний Пүрэв гарагт нээлтээ хийхээр төлөвлөгдсөнтэй холбогдуулан шүтэн бишрэгчид нь ажлаасаа чөлөө авахаар зэхэж байна.

Энэхүү тоглоом нь 1997 оноос хойш соёлд хүчтэй нөлөө үзүүлсэн цувралын 13 жилийн дараах анхны шинэ хувилбар бөгөөд The Game Awards-аас хамгийн их хүлээгдэж буй тоглоомын шагналыг хоёр жил дараалан хүртээд байгаа юм. Тоглоомын нээлт амралтын өдрүүдийн өмнөхөн таарч буй тул олон хүн 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд чөлөө авч, дөрвөн өдрийн турш тоглоомын зохиомол Леонида мужид цагийг өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Мөн АНУ-ын 11 дүгээр сарын 26-ны Талархлын баяртай уялдуулан 11 дүгээр сарын 19-нөөс 25-ны хооронд таван өдрийн чөлөө авч, нийт найман хоног тасралтгүй тоглохоор зорьж буй хүмүүс ч байгаа ажээ.

Удирдлагууд шалтгааныг гадарлаж байх магадлалтай

Тоглоомын нэр хүнд өндөр байгаа тул таны удирдлага ч 11 дүгээр сарын 19-нд чөлөө хүссэн өргөдлийн цаад шалтгааныг гадарлаж байх магадлалтай юм. Тухайлбал, Австралийн r/auscorp цахим хуудсын нэгэн хэрэглэгч багийн ахлагч нь уг өдрүүдэд чөлөө авах хүсэлтэд анхааруулга өгснийг хуваалцжээ. Түүний хэлснээр удирдлага нь 11 дүгээр сарын 19-ний өдрийн чөлөөнд нэмэлт тайлбар шаардаж магадгүй бөгөөд олон хүн хүсэлт өгсөн тул хүний нөөцийн алба уг тоглоомын нөлөөг хэдийнэ мэдэж байгааг дурдсан байна.

Түүнчлэн фэнүүдийн нэгэн цахим хуудас ажлын үүргээ бага хэмжээнд хадгалан тоглоом тоглох нөхцөлийг тусгасан чөлөөний хошигносон гэрээ хүртэл бүтээжээ.

Чөлөөний бодлогын ялгаа ба худал хэлэхгүй байх зарчим

Улс орнуудын хөдөлмөрийн нөхцөл ч үүнд нөлөөлж байна. Австралид ажилтнууд жилд дөрвөн долоо хоногийн цалинтай чөлөө авдаг бол АНУ-д хуулиар баталгаажсан цалинтай чөлөө байдаггүй. АНУ-ын ажил олгогчдын чөлөө олгох журам хуулийн нарийн зохицуулалт багатайгаас шалтгаалан харилцан адилгүй байдаг байна.

АНУ-д гэр бүл, эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авахад учир шалтгаанаа тайлбарлах шаардлагатай байдаг бол бусад чөлөөний хүсэлтийг ажил олгогчийн үзэмжээр шийдвэрлэдэг. Иймд ажлын байрны дүрэм журмын хүрээнд заавал шалтгаан хэлэх албагүй байж болох ч худал хэлж болохгүй гэдгийг анхаарах нь зүйтэй юм.