Их Британийн The Guardian сонин бямба гаргийн хэвлэмэл дугаартаа Grand Theft Auto VI (GTA 6) тоглоомын эхний шатны нээлттэй ертөнцөөр аялсан тусгай тоймоо нийтэлжээ. Энэхүү нийтлэлээс тоглоомын тухай онцлох гурван шинэ мэдээлэл тодорхой болсон байна.

Зэрлэг байгаль ба 62 төрлийн шувуу

Тоймд дурдсанаар тоглогчид Леонида мужийн гудамж, намаг дагуу таарсан зэрлэг ан амьтдын тэмдэглэлийг хөтлөх боломжтой аж. Энэ нь GTA цувралын хувьд анхных байж магадгүй бөгөөд Rockstar компанийн өөр нэг бүтээл болох *Red Dead Redemption* тоглоомыг санагдуулам болжээ. Түүнчлэн GTA 6 тоглоомд бүртгэж авах боломжтой 62 төрлийн шувуу багтсаныг Rockstar компани тус сонинд баталсан байна.

Зөвхөн дүрслэлээр хязгаарлагдахгүй хайр дурлалын харилцаа

Тоглоомын гол дүрүүд болох Жэйсон, Лусиа нарыг үндсэн даалгавраас гадуур чөлөөтэй сольж тоглох боломжтой. Guardian сонины мэдээлснээр тоглогч тэдний харилцаанд шууд нөлөөлөх боломжтой аж. Тухайлбал, хамт байхгүй үедээ нэг рүүгээ залгаж, зурвас бичиж болох юм. Мөн хамт байхдаа уух зүйл авах, фитнесс орох, эсвэл согтууруулах ундааны дэлгүүр дээрэмдэх зэргээр болзоонд явах боломжтой бөгөөд тэдний харилцааг орхигдуулбал тодорхойгүй ямар нэг үр дагавар гарна гэжээ.

Тоглогчийн энэрэнгүй сэтгэлийг өдөөх механизм

Rockstar компанийн зүгээс GTA 6 нь тоглогчдод энэрэнгүй сэтгэлийг (empathy) дэмжих механизмуудтай байх болно гэж мэдэгджээ. Энэ нь бодит тоглоом дээр хэрхэн хэрэгжих нь одоогоор бүрэн тодорхойгүй байгаа ч цувралын өмнөх ангиудын гэмт хэргийн замбараагүй байдлаас ялгарах шинэлэг тал болж магадгүй байна. Гэхдээ тоглогчид хүсвэл өмнөх шигээ тоглох боломжтой хэвээр байх юм.