Тоглоом хөгжүүлэгч Rockstar Games компани өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд буй Grand Theft Auto VI (GTA 6) тоглоомынхоо албан ёсны бичлэгийг анх удаа үзүүлсэн билээ. Гэвч уг танилцуулга бичлэгийг зөвхөн PlayStation 5 консол дээрээс авч харуулсан нь Xbox эзэмшигчдийн дунд тодорхойгүй байдал үүсгээд байна. Энэхүү тоглоом нь худалдаанд гарах үедээ PC хувилбаргүй гарах юм.
Ялангуяа одоогийн үеийн консолуудаас үнэ болон чанарын харьцаагаараа сайн хувилбарт тооцогддог Xbox Series S консол эзэмшигчид тоглоом хэрхэн ажиллах талаар ихээхэн сонирхож байна. Одоогоор Rockstar Games компанийн зүгээс уг хувилбарын талаар ямар ч албан ёсны мэдээлэл өгөөгүй, олон нийтэд дэлгээгүй байгаа юм.
Техникийн мэргэжилтнүүдийн дэвшүүлж буй таамаг
Техникийн шинжээчдийн үзэж буйгаар тоглоомын танилцуулга бичлэг PS5 дээр секундэд 30 кадр (30 fps) хурдтай ажиллаж байсан тул Xbox Series S дээр үүнээс хурдан ажиллахгүй нь тодорхой байна. Хамгийн сайн тохиолдолд ижил хурдаар ажиллах боломжтой ч ачаалал ихтэй үед үзүүлэлт буурах магадлалтай гэж үзжээ.
Түүнчлэн дэлгэцийн нягтаршлын хувьд Digital Foundry-ийн мэргэжилтнүүдийн шинжилснээр PS5 дээрх бичлэг нь 1440p нягтаршилтай байсан байна. Ихэнх Series S-ийн тоглоомууд ийм хэмжээнд хүрдэггүй бөгөөд GTA 6-ийн график нь урьд өмнө харагдаж байгаагүй өндөр түвшнийх байгаа тул Series S дээр нягтаршил нь буурч болзошгүй гэсэн таамаг бий. Гэхдээ эдгээр нь одоогоор зөвхөн мэргэжилтнүүдийн таамаглал бөгөөд хөгжүүлэгчдээс тодорхой мэдээлэл хараахан гараагүй байна.