Rockstar Games компанийн олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд буй Grand Theft Auto VI тоглоом гарахад хэдэн долоо хоногийн хугацаа үлдээд байна. Гэсэн хэдий ч уг бүтээлийг угтсан хүлээлт нь Японд PlayStation 5 Pro консолын хомсдолыг аль хэдийн бий болгож эхэлжээ.

Хэдийгээр GTA 6 нь олон төрлийн консол дээр гарах боловч тоглоомыг дээд зэргийн чанартайгаар мэдрэхийг хүссэн тоглогчид Sony-ийн хамгийн хүчирхэг консолыг онилж байж болзошгүй юм. Үүнээс үүдсэн хомстолыг шийдвэрлэхийн тулд Sony компани уг консолыг хэн худалдан авах боломжтойг шийдэх сугалаа явуулах шийдэл гаргажээ.

Гэхдээ тус сугалаанд оролцоход нэгэн тусгай шаардлага тавигдаж байна. Хэрэглэгчид сугалаанд бүртгүүлэхийн тулд өмнө нь PlayStation дээр тоглож цаг зарцуулсан гэдгээ батлах ёстой аж. Японы Sony Store-ийн сугалаанд оролцохын тулд 2024 оны 9 дүгээр сарын 27-ноос 2026 оны 9 дүгээр сарын 27-ны хооронд PS4 эсвэл PS5 дээр дор хаяж 60 цаг тоглосон нь баталгаажсан Sony бүртгэлтэй байх шаардлагатай.

Дээрх шалгуурыг хангасан хэрэглэгчид 10 дугаар сарын 7-ныг дуустал нэг ширхэг PS5 Pro худалдан авах хүсэлтээ гаргах боломжтой юм. Сугалааны ялагчдад 10 дугаар сарын 26 гэхэд мэдэгдэх бөгөөд үүний дараа тэд худалдан авалтаа хийнэ. Ялагчид консолоо 11 дүгээр сарын эхний хагаст хүлээн авах бол GTA 6 тоглоом нь 11 дүгээр сарын 19-нд албан ёсоор худалдаанд гарна.