Өмнөх ангиасаа хойш 13 гаруй жилийн дараа гарч буй, өндөр хүлээлттэй байгаа Grand Theft Auto VI видео тоглоом АНУ-д 11 дүгээр сарын 19-нд албан ёсоор нээлтээ хийхээр дөхөж байна.

Тоглоом шүүмжлэгчдийн мэдээлснээр уг бүтээл тоглогчдод маш урт хугацааны тоглолтын туршлагыг санал болгох бололтой. Insider Gaming-ийн мэдээлснээр GTA 6-ийн үндсэн үйл явдлын даалгавруудыг дуусгахад дунджаар 50 орчим цаг шаардагдах тооцоо гарчээ. Энэхүү хугацаанд тоглоомын нийт таван бүлгийн 100 орчим даалгавар багтаж байгаа бөгөөд тоглогчийн ур чадвараас хамааран тоглох хугацаа харилцан адилгүй байж болох юм.

Харин тоглоомыг зөвхөн үндсэн үйл явдлаар хязгаарлахгүйгээр бүрэн гүйцээхийг хүсвэл хамаагүй их цаг зарцуулахаар байна. Үндсэн даалгавраас гадна хажуугийн эрэл даалгаврууд, төрөл бүрийн харилцан үйлдэл, арга хэмжээнүүд болон судлах олон байршлууд бий.

Түүнчлэн мэдээлэгдсэнээр нийт 55 амжилт (achievement), тэр дундаа Platinum Trophy болон Mythic амжилтыг нээж, тоглоомын бүх зүйлийг бүрэн дуусгахад 200 орчим цаг зарцуулагдана гэж мэдээлжээ. Энэхүү хугацаанд Вайс Ситигийн гудамжаар зүгээр л сэлгүүцэх эсвэл машинтайгаа хөгжим сонсон давхих цагийг оруулаагүй байна.