Дэлхий даяар олон сая тоглогчдын хүсэн хүлээж буй Grand Theft Auto 6 (GTA 6) тоглоомын урьдчилсан захиалга албан ёсоор эхэллээ. Rockstar Games-ийн бүтээл тус тоглоом нь PlayStation 5 болон Xbox Series X/S платформд зориулагдан 11 дүгээр сарын 19-ний Пүрэв гарагт худалдаанд гарахаар товлогджээ.

Үнэ болон хувилбарууд

Тоглогчид уг бүтээлийг 80 ам.долларын Standard Edition болон 100 ам.долларын Ultimate Edition гэсэн хоёр үндсэн сонголтоос сонгон захиалах боломжтой байна. Биет (дискний хайрцагтай) хувилбарыг Amazon, Best Buy, GameStop, Target, Walmart зэрэг дэлгүүрээс авах боломжтой бол дижитал хэлбэрээр PlayStation Store, Microsoft Store болон Rockstar Games Store-оор захиалж болох юм. Сонирхуулахад, биет хувилбарын хайрцаг дотор дискийн оронд татаж авах код дагалдах тул зөвхөн цуглуулга болгож хадгалах хүмүүст илүү тохиромжтой аж.

Урьдчилсан захиалгын урамшуулал

11 дүгээр сарын 20-ноос өмнө захиалсан бүх хэрэглэгчдэд «Vintage Vice City Pack» нэмэлт багц бэлэглэнэ. Энэхүү багцад шар өнгийн 55 Vapid Stanier тээврийн хэрэгсэл (өөрийн гаражтай), гол дүрүүд болох Жейсон, Лусиа нарын тусгай хувцас, үсний засалт болон дал модны хээтэй зэвсгийн загвар багтаж байна. Түүнчлэн дижитал хувилбарыг урьдчилан захиалсан хэрэглэгчид сарын 7.99 ам.долларын үнэтэй GTA+ үйлчилгээний нэг сарын эрхийг үнэгүй авах юм.

Харин 100 ам.долларын үнэтэй, зөвхөн дижитал хэлбэрээр худалдаалагдаж буй Ultimate Edition нь Grotti Cheetah болон 67 Vapid Dominator Buggy зэрэг онцгой унаанууд, нэмэлт даалгавар, зэвсэг болон дүрүүдийн төрх засалтыг багтаажээ.

Урьдчилсан захиалга хийсэн хэрэглэгчид тоглоомоо албан ёсны нээлтээс өмнө буюу 11 дүгээр сарын 12-ноос эхлэн төхөөрөмж дээрээ урьдчилан суулгах (preload) боломжтой болно. GTA 6 анх 2023 оны 12 дугаар сард зарлагдаж, 2025 оны сүүлчээр гарах төлөвтэй байсан ч 2026 оны тавдугаар сар, улмаар энэ оны намар болж хойшлогдсон юм.