HBO Max болон Crave сувгаар цацагдсан “Heated Rivalry” цувралын дууны цомог Billboard 200 чартын наймдугаар байранд бичигдлээ. Энэхүү амжилт нь 2015 онд “Empire” цувралын нэгдүгээр улирлын цомог чартын эхний 10-т орсноос хойшхи анхны тохиолдол болж байна.
Долдугаар сарын 10-нд CD болон винил хэлбэрээр худалдаанд гарсан уг цомог АНУ-д нэг долоо хоногийн дотор 41,000 хувьтай тэнцэх цомог борлуулжээ. Үүний зэрэгцээ тус цомог Vinyl Albums, Indie Store Album Sales болон Soundtracks гэсэн чартуудыг тэргүүлж, Top Album Sales чартын хоёрдугаар байранд жагссан байна.
Цувралын дууны цомогт t.A.T.u., Wolf Parade, Feist зэрэг уран бүтээлчдийн дуунууд болон Peter Peter-ийн зохиосон киноны хөгжим багтжээ. Ялангуяа винил хувилбарын борлуулалт 28,000 хувьд хүрсэн нь 2026 онд дууны цомгийн хувьд хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Рэйчел Ридийн “Game Changers” номын цувралаас сэдэвлэсэн энэхүү бүтээл нь хоккейчин Илья Розанов болон Шейн Холландер нарын нууц хайр дурлалын түүхийг өгүүлдэг. Цувралын гол дүрд Коннор Сторри болон Хадсон Уильямс нар тоглосон бөгөөд одоогоор хоёрдугаар улирлын зураг авалт хийгдэхээр төлөвлөгдөөд байна.