Технологийн салбарын аварга Хятадын Huawei компани АНУ-ын шүүхэд томоохон сорилттой тулгарлаа. Брүүклиний холбооны шүүхээс гаргасан шийдвэрээр, тус компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоугийн өмнө нь хүлээсэн гэм бурууг Huawei-н эсрэг явагдаж буй эрүүгийн хэрэгт нотлох баримт болгон ашиглахыг зөвшөөрөв.
Асуудал нь 2021 онд болсон үйл явдалтай холбоотой юм. Тухайн үед Мэн Ванжоу нь Иран улстай хууль бус бизнес эрхэлсэн хэрэгт холбогдож, АНУ-ын талтай тохиролцоонд хүрснээр өөрийнх нь эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Тэрээр тухайн үед гарын үсэг зурсан баримт бичигтээ Huawei компани нь Иран дахь бизнесийн үйл ажиллагааныхаа талаар санхүүгийн байгууллагуудад худал мэдээлэл өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүгч энэхүү баримт бичгийг Huawei компанийг буруутгах гол нотлох баримтын нэг гэж үзэж байгаа аж.
Huawei бол дэлхийн харилцаа холбоо, ухаалаг утас болон 5G сүлжээний технологиор тэргүүлэгч Хятадын хамгийн том технологийн компаниудын нэг юм. АНУ-ын зүгээс тус компанийг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэн олон жилийн турш хориг арга хэмжээ авч, хязгаарлалт тогтоосоор ирсэн. Энэ удаагийн шүүхийн шийдвэр нь Huawei-н хувьд зөвхөн санхүүгийн төдийгүй нэр хүндийн хувьд томоохон цохилт болох магадлалтай байна.
Хэдийгээр Мэн Ванжоу нь 2021 онд тохиролцоонд хүрснээр эрүүгийн хариуцлагаас мултарсан ч, түүний хүлээсэн хариуцлага нь эргээд Huawei компанийг бүхэлд нь хүнд байдалд оруулж байна. Шүүх хурал үргэлжилж байгаа бөгөөд энэ нь Хятад болон АНУ-ын технологийн салбар дахь өрсөлдөөн, геополитикийн хурцадмал байдлыг улам бүр даамжруулж болзошгүй гэж шинжээчид дүгнэж байна.