CS2-ын дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг IEM Cologne-ийн хэсгийн шатны тоглолтууд ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр плей-оффын эрхээ эртхэн баталгаажуулах зорилготой багуудын тулаанууд олны анхаарлыг зүй ёсоор татаж байна.

Өнөөдрийн хамгийн сонирхолтой тулаануудын нэг нь дэлхийн чансааны шилдэг багуудын нэг Spirit болон Өмнөд Америкийн төлөөлөл 9z багуудын хооронд өрнөх юм. Хоёр баг хоёулаа хэсэгтээ 2-0 гэсэн амжилттай яваа бөгөөд энэ тоглолтод ялсан нь плей-оффын шатанд шууд шалгарах эрхээ өвөртлөх болно. Spirit багийн хувьд гоц авьяаслаг тоглогч donk-ын гайхалтай тоглолт дээр тулгуурлан ялалт байгуулахаар зэхэж байгаа бол 9z энэ тэмцээний гол сюрприз болж, хүчирхэг багуудыг буулган авсаар байна.

Үүнтэй зэрэгцэн BetBoom болон FURIA багууд мөн 2-0-ийн амжилттайгаар хоорондоо тулна. Оросын BetBoom болон Бразилийн алдарт FURIA багуудын энэхүү халз тулаан нь тэмцээний хуваарьт багтсан өнөөдрийн хамгийн чухал тоглолтуудын нэг юм.

Тэмцээний форматаар бол 2-0 гэсэн амжилттай яваа багууд хоорондоо тоглож, ялсан нь плей-офф руу шууд нэвтрэх бол хожигдсон багууд дараагийн шатанд дахин нэг боломжийг эрэлхийлэх болно. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг багууд Кёльн хотын “Lanxess Arena”-д болох шигшээ тоглолтод оролцохын тулд бүхий л чадлаа дайчилж байна.