Технологийн салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэг болох IFA үзэсгэлэнгийн үеэр гэр ахуйн цэвэрлэгээний төхөөрөмж үйлдвэрлэгч тэргүүлэгч Dreame брэнд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт бүтээгдэхүүнүүдээ дэлгэлээ. Үүнд уураар гүн цэвэрлэх чадвартай цоо шинэ Aqua20 Ultra Roller робот, өмнөх загварын сайжруулсан хувилбар болох X60 Ultra Extreme болон T16 Pro TriForce шал угаагч багтжээ.
Dreame Aqua20 Ultra Roller: Уураар угаах хүчин чадал
Шинээр гарч буй Aqua20 Ultra Roller нь шалыг гялалзтал цэвэрлэхийн тулд халуун уур, халуун ус болон ухаалаг өнхрүүлгийн системийг хослуулсан байна. Энэхүү төхөөрөмж нь 180°C-ийн хос өндөр температурын уураар угаах технологитой тул шалан дээр тогтсон толбыг хялбархан арилгадаг аж.
Түүнчлэн 40,000Pa сорох чадалтай ба Hyperstream орооцолдохоос хамгаалсан сойзтой юм. Түүний сунадаг өнхрүүлэгт алчуур нь булан тохой болон нарийн зайд 8 см хүртэл гадагш сунаж хүрдэг бөгөөд хивсийг чийглэхээс сэргийлсэн нэмэлт хаалттай. Төхөөрөмж нь 10 см хүртэлх саадыг давах FlexiAdapt систем, энгийн нүдээр харахад хэцүү бохирдлыг илрүүлэх цэнхэр гэрлийн мэдрэгчтэй байна.
X60 Ultra Extreme: Сайжруулсан шинэ тэргүүн загвар
Оны эхэнд гарсан загварын шинэчлэл болох X60 Ultra Extreme нь механик сунадаг гартай Dual-Joint UltraExtendArms технологитой болжээ. Энэхүү гар нь хажуугийн сойзыг 12 см хүртэл, шал угаах системийг 18 см хүртэл сунгаж, булан тохой, тавилгын доод хэсгийг цэвэрлэх боломжийг олгодог.
Уг төхөөрөмж нь 42,000Pa сорох хүчтэй, хос хиймэл оюунт камерын тусламжтай гэрийн доторх 320 гаруй төрлийн эд зүйлийг таньж зайлсхийдэг. Мөн 10 см өндөр саадыг давах ProLeap чадвартай юм.
Түүнчлэн Dreame брэнд робот бус ангилалд багтах нойтон болон хуурай цэвэрлэгээний T16 Pro TriForce төхөөрөмжөө шинэчлэн танилцуулсан бөгөөд энэ нь өдөр тутмын цэвэрлэгээг хялбарчлах зориулалттай ажээ.