Infinite Machine компанийн танилцуулсан Olto хэмээх шинэ бүтээл нь гаднах төрхөөрөө сонгодог Vespa скутерыг санагдуулах цахилгаан тээврийн хэрэгсэл юм. Энэхүү бүтээл нь тав тухтай байдал, хурд авалт, жолоодлогын чанар болон багтаамж сайтай батерейгаараа онцлог ажээ.
Скутер үү, дугуй юу?
Olto нь бат бөх хийцтэй төдийгүй аюулгүй байдлын олон талын шийдэлтэй тул хаана ч санаа зоволтгүй зогсоолд үлдээх боломжтой. Тус компани өмнө нь гаргаж байсан P1 загварын скутерынхоо үнийг хоёр дахин бууруулж, илүү хүртээмжтэй хувилбарыг санал болгож байгаа нь Olto юм. Гэсэн хэдий ч энэхүү хямд үнийн цаана нэгэн сонирхолтой нөхцөл бий. Olto нь техникийн хувьд цахилгаан дугуй ангилалд багтдаг.
Гэвч энэ нь хүн хүчээр гишгэж унахад зориулагдаагүй бүтээгдэхүүн юм. Хэдийгээр Class 2 эсвэл Class 3 ангиллын цахилгаан дугуйн горимд тохируулах боломжтой ч хэрэглэгчид ихэвчлэн гишгүүрээ урагш түгжиж, хөл тавих тавцан болгон ашиглах нь хамгийн тохиромжтой байдаг.
Хотын амьдралд зориулав
Olto-г зохион бүтээгчид хотын оршин суугчдад скутер унах мэдрэмжийг өгөхийн зэрэгцээ дэлхийн олон хотод өргөжин тэлж буй дугуйн замуудыг ашиглах боломжийг олгохыг зорьжээ. Ингэснээр хэрэглэгч скутерын давуу талыг эдлэхийн зэрэгцээ дугуйн замын сүлжээгээр хялбар зорчих боломжтой болж байна.