Instagram платформ Story хэсэгтээ "Pixel" хэмээх шинэ эффект нэвтрүүлжээ. Энэхүү боломж нь хэрэглэгчдэд зураг дээрх тодорхой хүн эсвэл зүйлийг текст бичин зааж өгснөөр бүрэлзүүлж, сарниулах (pixelate) боломжийг олгож байгаа юм. Тус платформ шинэ функцээ танилцуулахдаа болзооны соёл дахь "soft launch" буюу харилцаагаа шууд зарлахгүйгээр бага багаар цухуйлгах хандлагад нийцүүлэн онцолсон байна.

Залуусын дунд шинэ хүнтэй болсноо шууд зарлалгүйгээр зөвхөн гар, мөр, сүүдэр зэргийг нь оруулан нийтлэх "soft launch" хэмээх соёл түгээмэл байдаг. Харин шинэ Pixel эффект нь тухайн хүнийг зурагт орсон гэдгийг ил харуулах боловч чухам хэн бэ гэдгийг нь нууц хэвээр үлдээх боломж олгож байна.

Залуусын болзооны шинэ хандлага

Энэ төрлийн илэрхийлэлд олон нийтийн эрэлт багагүй бий. 2023 онд Mashable-ийн мэдээлсэн Tinder-ийн датагаас үзвэл, Их Британийн 18-34 насны хэрэглэгчдийн 26 хувь нь шинэ хамтрагчаа цахим орчинд аажмаар харуулахыг илүүд үздэг гэсэн бол ердөө 8 хувь нь шууд том зарлал хийх сонголттой байжээ. Мөн Tinder-ийн өөр нэг судалгаагаар АНУ-ын Gen Z үеийн ганц бие цахим хэрэглэгчдийн 46 хувь нь харилцаагаа бага багаар цухуйлгадаг (soft launch) гэсэн бол 37 хувь нь шууд ил тод зарладаг (hard launch) гэж хариулсан байна.

Нөгөө талд харилцаагаа цахим орчноос бүрэн хол байлгах сонголт ч бий. 2024 онд Gen Z болон миллениал үеийн 1,000 хүнийг хамруулсан судалгаанд оролцогчдын 45 хувь нь харилцаагаа цахим орчинд нийтэлдэггүй эсвэл олон нийтийн сүлжээ ашигладаггүй гэжээ. Судалгаанд оролцогчид өөрийн болон хамтрагчийнхаа хувийн нууцыг хүндэтгэх нь харилцаагаа нууцлах гол шалтгаан гэдгийг дурдсан байна.

Хувийн нууцыг хамгаалах өөр зориулалт

Энэхүү эффект нь зөвхөн болзоонд бус, гэр бүлийн зураг дээрх хүүхдийн нүүрийг хаах, эсвэл зөвшөөрөлгүйгээр арын фон дээр орсон танихгүй хүнийг бүрэлзүүлэхэд ч ашиглагдах боломжтой юм.

Meta компани өнгөрсөн долдугаар сард хиймэл оюунаар зураг үүсгэхдээ нийтийн Instagram хаягуудыг ашиглахыг зөвшөөрч байгаад шүүмжлэлийн дараа буцааж байсан билээ. Мөн тус компанийн камертай ухаалаг нүдний шил хүмүүсийн зөвшөөрөлгүй бичлэг хийх эрсдэл дагуулж буй талаар шүүмжлэл гарч байсан. Шинэ Pixel эффект нь Story нийтлэх гэж буй хүнд бусдын дүрсийг эхлээд бүрэлзүүлэх хэрэгсэл болж байна.