Сүүлийн үед хиймэл оюуны (AI) технологи хөгжихийн хэрээр цахим орчинд бусдын хийсэн контент, бичлэгийг хуулбарлах явдал эрс нэмэгдээд байна. Тухайлбал, инфлюэнсерүүдийн царайг өөр хүнийхээр солих эсвэл хошин урлагийн уран бүтээлчдийн онигоо, хошигнолыг зохиомол дүр ашиглан давтах зэргээр анхны бүтээгчийн хөдөлмөрийг хуулбарлах тохиолдол гарах болжээ.
Үүний эсрэг Instagram компани бүтээгчдэд өөрсдийн бичлэгийн хуулбарыг илрүүлж, зохих шийдвэр гаргахад нь туслах шинэ боломжуудыг нэвтрүүлж эхэлжээ. Тус платформын тэргүүн Адам Моссери 11 дүгээр сарын 17-ны Мягмар гарагт "Content Protection" буюу контент хамгаалах шинэ хэрэгслийг танилцуулсан байна. Энэ нь бүтээгчдэд өөрийн бичлэгийн хуулбаруудыг Instagram-ийн хяналтын хэсгээсээ (insights) харж, улмаар тухайн хуулбар бичлэгийг нуух эсвэл анхны эх сурвалжийн холбоосыг нэмэх боломжийг олгох аж.
Үүнээс гадна дүрслэлийг нь хиймэл оюунаар өөрчилсөн байсан ч хулгайлсан зохиол, онигоог таньж илрүүлэх туршилтыг Instagram тусад нь хийж байгааг Моссери Threads сүлжээндээ онцолсон байна.
Бүтээгчдийн эрхийг хамгаалах алхам
Энэхүү шинэ боломж нь одоогоор цөөн тооны бүтээгчдийн дунд туршилтын журмаар хэрэгжиж байгаа бөгөөд цаашид хүрээгээ тэлэх төлөвлөгөөтэй байгааг Meta компанийн төлөөлөгч The Hollywood Reporter хэвлэлд мэдэгджээ. Уг хөтөлбөрт хамрагдах боломжтой бүтээгчдэд хүсэлт очих бөгөөд зөвшөөрсний дараа шинэ видеонууд нь автоматаар хамгаалалтад орохын зэрэгцээ өмнөх хуучин бичлэгүүдээсээ сонгон хамгаалах боломжтой юм.
Энэхүү шийдвэр нь бүтээлээ хуулбарлуулсан олон уран бүтээлчдэд чухал ач холбогдолтой байна. Тухайлбал, комедиан Сара Пурдум Mashable-д өгсөн ярилцлагадаа өөрийнх нь яриаг хиймэл оюуны аккаунт ашигласан талаар дурдаад, эмэгтэй уран бүтээлчдийн бүтээлийг секси AI модель дүрүүдэд ашиглаж байгаад бухимдаж буйгаа илэрхийлжээ. Мөн Оливиа Картер, Жулиа Жасунас зэрэг бусад уран бүтээлчдийн материал хиймэл оюунаар бүтээгдсэн дүрүүд бүхий бичлэгт ашиглагдсан тохиолдол гарчээ.
Түүнчлэн одоо хаагдсан "Tiffany Sloane" нэртэй хаяг комедиан Жорж Бретт Олсоны хошигнолыг түүний хувцаслалт, хөдөлгөөний хамт хуулбарлан нийтэлж байсан бөгөөд тухайн аккаунтын онцлох хэсэгт OnlyFans хуудасны холбоос байрлаж байсан байна.