Технологийн ертөнцийн аварга Apple компани iPhone 18 цуврал загваруудаа танилцуулахаар бэлтгэж байна. Урьдчилсан мэдээллээр iPhone 18 Pro болон 18 Pro Max загварууд 2026 оны намар худалдаанд гарах төлөвтэй байгаа бол энгийн iPhone 18 загвар нь 2027 оны эхэн хүртэл хойшилж болзошгүй байна. Түүнчлэн Apple компани анхны эвхэгддэг утас болох iPhone Ultra-г танилцуулах магадлалтай байгаа юм.

Технологийн шинэчлэл ба өнгөний сонголт

Шинэ загваруудад iOS 27 үйлдлийн систем, Siri AI бета хувилбар суурилуулах бөгөөд илүү хүчин чадалтай батерей, камерын сайжруулалтууд хийгдэхээр хүлээгдэж байна. Үүнд үндсэн камерын хувьсах диафрагм болон Dynamic Island-ыг илүү жижигсгэх өөрчлөлтүүд багтаж байна. Гадна өнгөний хувьд Pro загварууд нь цайвар цэнхэр, мөнгөлөг, хар саарал, болон хар интоорын өнгөний сонголттой байж магадгүй гэсэн мэдээлэл байна.

Үнийн өсөлт ба ирээдүйн төлөв

Хэрэглэгчдийн хувьд хамгийн анхаарал татаж буй асуудал бол үнийн өсөлт юм. Хиймэл оюун ухааны салбарын хөгжилтэй холбоотойгоор үүссэн RAM-ын хомсдол нь ухаалаг утас, зөөврийн компьютер зэрэг төхөөрөмжүүдийн үнэд нөлөөлж байна. Apple-ийн гүйцэтгэх захирал асан Тим Күүк өмнө нь үнийн өсөлт зайлшгүй гэдгийг дурдаж байсан бөгөөд шинжээчдийн тооцоолсноор iPhone 18 Pro загварын өртөг өмнөх загваруудаас илүү өндөр байх төлөвтэй байна.

Есдүгээр сард болох Apple-ийн танилцуулга арга хэмжээгээр компанийн шинэ захирал Жон Тернус тайзан дээр гарах юм. Одоогоор iPhone 18 цувралын талаарх албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байгаа ч, Apple-ийн дотоод баримт бичгүүд алдагдсантай холбоотойгоор ирэх саруудад илүү олон баталгаатай мэдээлэл гарах болов уу гэсэн хүлээлт үүсээд байна.