Хүнд металл урсгалын домогт хамтлагуудын нэг Iron Maiden 50 жилийн ойгоо тохиолдуулан хийж буй “Run for Your Lives” аялан тоглолтоо Хойд Америкт үргэлжлүүлэхээр болжээ. Тэд уг нь ирэх хугацаанд тайзны уран бүтээлээсээ завсарлага авахаар төлөвлөж байсан ч төлөвлөгөөгөө өөрчилж, 2027 оны тоглолтуудынхаа товыг албан ёсоор зарласан байна.

Хамтлагийн басс гитарчин Стив Харрис фэнүүддээ хандан хэлэхдээ, өмнө нь 2027 онд завсарлага авахаар төлөвлөж байсан ч АНУ болон Канадад хийсэн тоглолтууд маш өндөр сэтгэгдэл үлдээсэн тул орхигдуулсан зарим бүс нутгийн шүтэн бишрэгчдэдээ зориулан аялан тоглолтоо үргэлжлүүлэх шийдвэр гаргасан гэжээ.

Live Nation-оос зохион байгуулж буй уг аялан тоглолт 2027 оны дөрөвдүгээр сарын 14-нд Вашингтон мужийн Такома хотоос эхэлж, тавдугаар сарын 11-нд Нью-Йоркийн Белмонт Парк дахь UBS Arena-д өндөрлөнө. Тоглолтын тусгай зочноор Их Британийн Bullet For My Valentine болон The Raven Age хамтлагууд хамт оролцох бөгөөд энэ нь Iron Maiden-ий хувьд 1983 оноос хойш анх удаа Британийн хоёр хамтлагтай хамтарч буй тохиолдол болж байна.

Энэхүү тоглолтын дараа Rock & Roll Hall of Fame-ийн гишүүн тус хамтлаг тавдугаар сарын 14-нд Охайо мужийн Колумбус хотод болох “Sonic Temple”, тавдугаар сарын 16-нд Мэрилэнд мужийн Оушен Ситид болох “Boardwalk Rock” хөгжмийн фестивалиудад оролцох юм. Хэвлэлийн мэдээнд дурдсанаар эдгээр тоглолтууд нь “Run for Your Lives” аяллын гарцаагүй сүүлчийн тоглолтууд байх бөгөөд нийт тоглолтын тоо 107-д хүрснээр уг аялан тоглолт бүрэн дуусна.