Америкийн нэрт реппер, “Dreamville” лейблийг үүсгэн байгуулагч J. Cole өөрийн “The Fall-Off World Tour” аялан тоглолтынхоо үеэр шүтэн бишрэгчдийнхээ онцгой мөчийг хуваалцлаа. Мягмар гарагт Майами хотын Kaseya Center-т болсон тоглолтын үеэр нэгэн залуу “Life Sentence” дуу эгшиглэж байхад сүйт бүсгүйдээ гэнэтийн бэлэг барьж, өвдөг сөхрөн гэрлэх санал тавьсан байна.
Үзэгчдийн дунд болсон энэхүү үйл явдлыг анзаарсан J. Cole дуугаа зогсоолгүйгээр гэрэлтүүлгийн багт хандан, тухайн хосыг тайзны том дэлгэцээр харуулахыг хүсжээ. Тэрээр үзэгчдэд хандан “Энэ үнэхээр гайхалтай байна. Тэднийг харцгаая, баяр хүргэе” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Үүгээр зогсохгүй, тус тоглолтын үеэр өөр нэгэн хос мөн л “Life Sentence” дууны үеэр гэрлэх гэж байгаагаа дуулгахад реппер тэдэнд анхаарлаа хандуулжээ. J. Cole болон түүний менежер Ибрахим Хамад нар эдгээр хосуудын суудлыг тайзны урд эгнээ рүү шилжүүлж, тэдэнд хүндэтгэл үзүүлсэн байна. Тоглолтын дараа тухайн хос олон нийтийн сүлжээгээр дамжуулан репперт талархал илэрхийлж, түүнийг хуримандаа урьжээ.
J. Cole-ын хувьд өөрийн сүүлийн цомог гэгдэж буй “The Fall-Off” цомгоо өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан бөгөөд уг цомог Billboard 200 жагсаалтыг тэргүүлж байв. Одоогоор тэрээр АНУ-ын хотуудаар аялан тоглолтоо үргэлжлүүлж байна.