Алдарт реппер Jay-Z анхны бие даасан Reasonable Doubt цомог нь гарснаас хойш 30 жил өнгөрснийг тэмдэглэх JAY-Z30 аялан тоглолтынхоо хүрээнд Лос-Анжелес хотын SoFi цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо эхлүүллээ.

Баасан гарагийн үдэш болсон уг тоглолтын үеэр түүний охин Блю Айви (Blue Ivy Carter) тайзнаа гарч, нийт 33 дууны жагсаалтад багтсан "The Story of O.J." болон "Dead Presidents" бүтээлүүд дээр төгөлдөр хуур тоглож үзэгчдийг баясгасан байна. Мөн реппер Scarface тайзнаа хамт гарч "This Can't Be Life" болон Geto Boys хамтлагийн "Mind Playing Tricks on Me" дууг толилуулжээ. Тоглолтын төгсгөлд Jay-Z алдарт DJ Khaled болон John Legend нартай хамтран "God Did" дуугаа дуулсан юм.

Энэхүү тоглолтыг Келли Роуланд, Мишель Уильямс, G-Eazy, Тиа Моури, Омари Хардвик зэрэг алдартнууд үзэж сонирхсон байна. Тэрбээр Лос-Анжелес хотод хийх хоёр өдрийн тоглолтынхоо дараагийнхыг бямба гарагт үргэлжлүүлэн хүргэхээр төлөвлөжээ.

Үүнээс өмнө тэрбээр долдугаар сард Нью-Йорк хотын Yankee цэнгэлдэхэд Бейонсе, Рианна, Эминем, Алиша Киз, Нас зэрэг олон одыг оролцуулсан томоохон цуврал тоглолт хийснээс гадна Парис, Лондон хотуудад аялан тоглосон юм. Мөн есдүгээр сард HBO Max тавцангаар Рик Рубинтэй хамтарсан "JAY-Z in 8" баримтат цувралаа цацсан билээ.

Түүнчлэн ирэх жил тус SoFi цэнгэлдэх хүрээлэнд болох Super Bowl LXI-ийн завсарлагын шоуг (Halftime Show) Jay-Z өөрөө тэргүүлэн үзүүлбэрээ хүргэж магадгүй гэсэн цуурхал цацагдсан бөгөөд одоогоор энэхүү мэдээлэл албан ёсоор батлагдаагүй байна.