Америкийн үндэсний хөлбөмбөгийн лиг (NFL) түүхэндээ анх удаа Франц улсад ээлжит улирлын тоглолтоо зохион байгуулах гэж байна. Францын Сен-Дени хотын Stade de France цэнгэлдэх хүрээлэнд болох тус тоглолтод Pittsburgh Steelers (4-2) болон New Orleans Saints (2-4) багууд өрсөлдөх юм.

Энэхүү түүхэн тоглолтын завсарлагын шоу буюу хагас цагийн үзүүлбэрт Нигерийн Афро-фьюжн урсгалын дуучин, Грэммийн шагналт Burna Boy оролцож дуулахаар болжээ. Тэрбээр өнгөрсөн зун Шакиратай хамтран FIFA-гийн 2026 оны ДАШТ-ий албан ёсны дуу болох “Dai Dai”-г гаргаж, Billboard Hot 100 жагсаалтад багтаж байсан юм. Мөн Францын поп, R&B дуучин Yseult уг завсарлагын тайзан дээр хамт уран бүтээлээ толилуулахаар төлөвлөгдөөд байна.

NFL нь сүүлийн 20 орчим жилийн хугацаанд дэлхий даяар хүрээгээ тэлж, Лондон, Рио, Мехико, Мельбурн, Берлин, Дублин зэрэг хотуудад тоглолтуудаа хүргэсээр ирсэн. Лигийн тоглолтуудад олны танил эрхмүүд олноор үзэгддэг уламжлалтай бөгөөд өмнө нь Килиан Мбаппе, Антуан Дюпон, DJ Snake, Омар Си зэрэг Францын алдартнууд тоглолт үзэж байсан удаатай тул энэ удаад ч олон алдартнууд хүрэлцэн ирж магадгүй байна.

Уг тоглолт 10 дугаар сарын 25-ны Ням гарагт явагдах бөгөөд шууд дамжуулалтыг NFL Network болон ESPN Unlimited платформоор хүлээн авах боломжтой ажээ.