BLACKPINK хамтлагийн гишүүн JENNIE болон дэлхийн нэрт дуучин The Weeknd нар 2023 онд гарсан хамтарсан уран бүтээл болох “One of the Girls” дуугаа анх удаа тайзнаа амьдаар дууллаа. JENNIE пүрэв гарагт Өмнөд Солонгосын Гоян цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан The Weeknd-ийн “After Hours Til Dawn” аялан тоглолтын үеэр гэнэтийн зочноор тайзан дээр гарч ирсэн байна. Харин уг дууг хамтран дуулсан жүжигчин Лили-Роуз Депп уг тоглолтод оролцоогүй аж.

Энэхүү тоглолт нь The Weeknd-ийн Ази тивийг чиглэсэн аялан тоглолтын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд тэрбээр 2018 оноос хойш анх удаа Өмнөд Солонгост эргэн ирсэн нь энэ юм. Гоян цэнгэлдэх хүрээлэнд аравдугаар сарын 7 болон 8-ны өдрүүдэд болсон нийт хоёр өдрийн тоглолтод ойролцоогоор 108,000 тасалбар борлуулагджээ.

“The Idol” цувралын дөрөвдүгээр ангийн цомогт багтаж байсан “One of the Girls” дуу нь тус цувралаас үл хамааран сонсогчдын дунд маш их амжилт олсон билээ. Энэхүү уран бүтээл нь Spotify дээр 1 тэрбум гаруй сонсолт цуглуулж, Billboard Hot 100 чартын 51 дүгээрт бичигдэж байв.

JENNIE-ийн хувьд бие даасан карьертаа өндөр амжилт үзүүлсээр байгаа юм. Түүний 2025 оны гуравдугаар сард гаргасан анхны бие даасан цомог болох “Ruby” нь Billboard 200 чартын 7 дугаар байранд орж, түүний хамгийн өндөр амжилт үзүүлсэн цомог болсон байна. Түүнчлэн тэрбээр 2026 оны наймдугаар сард “Fallen Angel” богино цомгоо гаргаснаас гадна Tame Impala хамтлагийн “Dracula” дууны шинэчилсэн хувилбарт оролцсон нь Billboard Hot 100 чартын 5 дугаар байранд хүрээд байна.