Netflix-ийн олон улсад алдаршсан хөгжимт хүүхэлдэйн кино болох “KPop Demon Hunters”-аас сэдэвлэсэн албан ёсны зул сарын хуанлиуд (advent calendar) баярын өдрүүдийг угтан худалдаанд гарч эхэллээ.

Эдгээр бүтээгдэхүүний нэг болох Get Trend брэндийн 2026 оны хуанли нь зул сарын баяр хүртэлх 24 өдрийн турш өдөр бүр нэг бэлэг нээх зориулалттай 24 нүх бүхий хайрцагтай. Энэхүү хуанлид тус киноны HUNTR/X хамтлагийн гишүүд болох Руми, Мира, Зои нарын зурагтай толь, үсний хавчаар, бугуйвч, оймс, алтан өнгийн түлхүүрийн оосор, бөгж, зүүлт зэрэг нийт 24 бэлэг багтжээ. Мөн цуглуулсан зүйлсээ хийх зориулалттай даавуун тор (tote bag) дагалдах бөгөөд Amazon дээр 42.99 ам.долларын үнэтэй байна.

Үүнээс гадна Cinereplicas брэндээс бичгийн хэрэгсэл, наалт, тоглоом бүхий өөр нэгэн хувилбарыг 37.00 ам.доллароор гаргажээ. Үүнд гол дүрүүдийн гоймон идэж буй зурагтай мини эвлүүлдэг тоглоом, шугам, үзүүрлэгч, нойрны хаалт зэрэг төрөл бүрийн хэрэгсэл багтсан байна. Эдгээр хоёр хуанли хоёулаа Netflix-ийн албан ёсны эрхтэй юм.

2025 оны зургаадугаар сард Netflix платформд цацагдаж, Оскарын “Шилдэг хүүхэлдэйн кино” шагналыг хүртсэн тус кино нь өмнө нь хүүхэлдэй, баатруудын дүрс, чихмэл тоглоомуудаа гаргаад байсан билээ. Мөн уг киноны Criterion Collection 4K бүхий Blu-ray хувилбар нь Amazon дээр 27.99 ам.доллароор борлуулагдаж байна.