Америкийн дуучин, рэппер Лиззо энэ жилийн Хэллоуины баяраар кантри хөгжмийн домогт уран бүтээлч Долли Партоны 1973 оны алдарт “Jolene” синглийн ковер зургаас сэдэвлэсэн төрхийг бүрдүүлжээ.
Өдгөө 38 настай дуучин бүсгүй цэцгэн хээтэй тод шар өнгийн бариу өмсгөл, цайвар шаргал хиймэл үсээр гангаран, Инстаграм хуудсандаа бичлэг нийтэлсэн байна. Уг бичлэгтээ тэрээр Партоны 1967 оны “Dumb Blonde” дууг дууриан уруулаа хөдөлгөж байв. Түүний энэхүү хувирлыг дуучин SZA өндрөөр үнэлж, сэтгэгдэл хэсэгт “Чи яаж хийсэн бүхнээ төгс болгодог юм бэ” хэмээн нулимстай инээмсэглэж буй эможитой хамт үлдээжээ.
Лиззо мөн тус дүрээрээ хэд хэдэн зураг хуваалцсаны дунд Партоны 2023 оны “Rockstar” цомгийн алтан гэрчилгээ бүхий жаазны өмнө гитар барьсан зураг багтсан байна. Тэрээр уг цомогт орсон Led Zeppelin хамтлагийн “Stairway to Heaven” дууны ковер хувилбарт флейт хөгжим тоглож хамтран ажиллаж байжээ. Тэрээр нийтлэлдээ хүнд хэцүү цаг үед нь хамтран ажиллах боломж олгож, итгэл хүлээлгэсэн Партонд талархал илэрхийлсэн байна.
Түүнчлэн Лиззо Хэллоуины өөр нэг төрхөөрөө “Dandadan” анимэ цувралын Сейко Аясэгийн дүрд хувирчээ.