Их Британийн үндэстэн дамнасан Standard Chartered банк Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) дахь чинээлэг харилцагчдадаа зориулсан биткойн арилжааны үйлчилгээгээ Лхагва гарагт танилцууллаа. Энэ нь тус улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын банкуудаас анх удаа ийм төрлийн үйлчилгээ санал болгож буй тохиолдол болж байна.

Үүнээс өмнө буюу өнгөрсөн сард тус банк АНЭУ-ын байгууллагын харилцагчдад зориулан биткойн арилжааг эхлүүлээд байсан юм. Харин энэ удаагийн шинэ үйлчилгээгээр шаардлага хангасан харилцагчид өөрсдийн банкны дансаар дамжуулан биткойн шууд худалдан авах боломжтой болжээ. Үүнд гуравдагч талын аппликейшн эсвэл крипто хэтэвч ашиглах шаардлагагүй бөгөөд банк хөрөнгийн хадгалалт, тооцоог хаалттай загвараар өөрсдөө бүрэн хариуцан гүйцэтгэх замаар хэтэвчний эрсдэлийг бууруулж байгаа аж.

Дэлхий даяарх крипто үйлчилгээний тэлэлт

Standard Chartered банк 2025 онд Лондонд биткойн болон бусад криптовалютын арилжааны төвийг нээснээр спот крипто зах зээлд хөл тавьсан дэлхийн анхны банкуудын нэг болсон юм. Тус банк дэлхий даяар криптотой холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өргөжүүлсээр байна. Тухайлбал, энэ сарын эхээр Сингапур дахь байгууллагын харилцагчдад зориулсан крипто хадгалалтын үйлчилгээг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн ба уг үйлчилгээг АНЭУ, Люксембург, Хонконгт хэдийнэ санал болгоод байна.

Сүүлийн үед дэлхий даяарх банкны салбар биткойнтой холбоотой шийдлүүдийг үйлчилгээндээ эрчимтэй нэвтрүүлж эхэллээ. АНУ болон Европын хэд хэдэн банкууд байгууллагын крипто хөрөнгийг хадгалах үйлчилгээ үзүүлж эхэлсэн бол зарим нь үндсэн аппликейшнээрээ дамжуулан арилжаа хийх боломжийг олгож байна.