Цахим спортын ертөнцийн алдартай тоглоом болох League of Legends-ийн хөгжүүлэгч Riot Games компани тоглоомын сонгодог хувилбарыг тоглогчдодоо хүргэхээр бэлтгэж байна. League of Legends Classic нэртэй энэхүү хувилбар ирэх долдугаар сарын 29-нд албан ёсоор нээлтээ хийхээр товлогджээ.

Энэхүү шинэчлэл нь 26.15 дугаартай засварын хүрээнд хийгдэх бөгөөд тоглоом сонирхогчдод хуучны дурсамж төрүүлэх олон өөрчлөлтийг авчрах юм. Тухайлбал, Summoner’s Rift газрын зургийн эртний хувилбар, хуучин загварын Runes болон Masteries систем, сонгодог эд зүйлс (items) болон Summoner Spells-ийг буцаан авчрах ажээ. Түүнчлэн баатруудын хувьд өмнөх шинэчлэлүүдээс өмнөх анхны чадварын багцууд (pre-rework kits) ашиглагдах бөгөөд 60 баатрын бүрэлдэхүүн эхний ээлжид тоглогчдод нээлттэй байх юм.

Тоглогчдын зүгээс тоглоомын хуучин улирлын уур амьсгалыг ямар нэгэн байдлаар эргүүлэн авчрах хүсэлтийг Riot Games-д удаан хугацааны турш тавьж ирсэн билээ. Энэ удаагийн шинэчлэл нь тоглогчдын хүсэл сонирхолд нийцсэн алхам болж байна.