Криптовалютын техник хангамжийн хэтэвч үйлдвэрлэгч Ledger компанийн төхөөрөмжтэй холбоотой сэжигтэй хулгайн хэмжээ 90 сая ам.долларт дөхөж байгаа талаар блокчэйн шинжээчид мэдээллээ. Уг хэрэг явдалтай холбогдуулан Tether компани холбогдох USDT тогтвортой коиныг царцаах арга хэмжээ авч эхэлсэн байна.
Ledger компани аравдугаар сарын 9-ний мэдэгдэлдээ Зүүн өмнөд Ази дахь албан ёсны борлуулагч CryptoBilis-ээс төхөөрөмж худалдан авсан хэрэглэгчид крипто хөрөнгөө алдсан гэх мэдээллийг шалгаж буйгаа дурджээ. Урьдчилан сэргийлэх үүднээс шалгалтын хугацаанд тус борлуулагчийн төхөөрөмжийн худалдаа, түгээлтийг нэн даруй зогсоохыг шаардсан байна. Мөн сүүлийн 90 хоногт CryptoBilis-ээс төхөөрөмж авсан боловч хараахан тохиргоогоо хийгээгүй байгаа хэрэглэгчдийг ашиглаж эхлэхгүй байхыг, харин нэгэнт тохируулчихсан бол криптогоо шинэ сэргээх түлхүүр үг (recovery phrase) бүхий өөр Ledger төхөөрөмж рүү шилжүүлэхийг зөвлөжээ.
Нийлүүлэлтийн сүлжээнд халдсан байх магадлал
CryptoBilis нь Малайз, Индонез, Филиппин дэх Ledger-ийн албан ёсны борлуулагчийн жагсаалтад бүртгэлтэй байдаг. Үүссэн нөхцөл байдалд Binance-ийн үүсгэн байгуулагч Чанпэн Жао анхаарал хандуулж, хэрэглэгчдийг болгоомжтой байхыг сануулав. Тэрээр X тавцанд: “Одоогоор байгаа мэдээллээс үзэхэд энэ нь нэг борлуулагчтай холбоотой нийлүүлэлтийн сүлжээний халдлага байх магадлалтай байна” хэмээн бичиж, цөөн тооны хэрэглэгч хуурамч эсвэл өөрчилсөн төхөөрөмж авсан байж болзошгүйг дурдсан юм. Түүнчлэн хулгайлагдсан хөрөнгийг мөшгөж, эргүүлэн олоход крипто салбарынхныг хамтран ажиллахыг уриаллаа.
Түүнчлэн Mt. Gox биржийн гүйцэтгэх захирал асан Марк Карпелес хэрэглэгчдэд түгээсэн төхөөрөмжид хортой эд анги суулгасан эсэхийг судалж байна. Тэрээр CryptoBilis-д зарагдаагүй байгаа зарим төхөөрөмжийн дотоод хавтанг нээж, тагнуулын зориулалттай бичил эд анги эсвэл зөвшөөрөлгүй өөрчлөлт орсон эсэхийг шалгахыг хүсжээ. Гэхдээ төхөөрөмжид хортой эд анги суулгаснаас болж энэ хулгай гарсан гэх батлагдсан нотолгоо хараахан гараагүй байна. Мөн Ledger компани нийт хэчнээн төхөөрөмж эрсдэлд орсныг болон халдлага ямар арга замаар явагдсаныг одоогоор тогтоогоогүй байгаа аж.
Алдагдлын хэмжээ ба мөрдлөг
Блокчэйн шинжээчдийн хувьд алдагдсан хөрөнгийг хязгаарлах арга хэмжээ авч байна. On-chain шинжээч Specter-ийн гүйлгээний шинжилгээгээр сэжигтэй хохирогчдын хэдэн зуун хэтэвчнээс Bitcoin, Ethereum, Tron сүлжээн дэх хаягууд руу хөрөнгө шилжсэнийг илрүүлжээ. Тэрээр сэжигтэй хулгайн хэмжээг эхэндээ 86 сая доллароос давсан гэж тооцоолсон ч блокчэйн аюулгүй байдлын MistTrack фирм уг алдагдлыг 90 сая долларт дөхөж байгаа хэмээн мэдээлсэн байна.