Технологийн зах зээлд өөрийн гэсэн байр суурьтай Lenovo компани тоглоом сонирхогчдод зориулсан шинэ төхөөрөмж болох Legion Tab Gen 5-ыг худалдаанд гаргалаа. Бусад брэндүүдээс ялгаатай нь энэхүү таблет нь зөвхөн тоглоомын контентод зориулагдсан бөгөөд Legion цуврал компьютеруудынхаа авсаархан хувилбар болж байна.

Хүчин чадлын хувьд MacBook-той эн зэрэгцэнэ

Энэхүү шинэ таблет нь Snapdragon 8 Elite Gen 5 процессороор тоноглогдсон бөгөөд Geekbench 6 тестийн үр дүнгээрээ Apple-ийн iPad-аас илүү гарч, MacBook-ын хүчин чадалтай өрсөлдөхүйц үзүүлэлтийг үзүүлжээ. 8.8 инчийн 3K PureSight дэлгэцтэй уг төхөөрөмж нь 12 цаг гаруй хугацаанд цэнэгээ барих чадвартай нь тоглоомын зориулалттай бусад зөөврийн компьютеруудаас ялгарах том давуу тал юм.

Гүйцэтгэл ба онцлог

Lenovo Legion Tab Gen 5 нь Android 16 үйлдлийн систем дээр ажилладаг бөгөөд 12GB санах ой, 256GB хадгалах багтаамжтай. Туршилтын явцад уг таблет нь өндөр нягтралтай дүрс бүхий шууд дамжуулалт (livestream) үзэхэд ямар ч сааталгүй ажилласан байна. Мөн таблет дээр хоёр ширхэг USB-C порт байрлуулсан нь бусад таблетуудад ховор тохиолддог онцлог юм.

Гэсэн хэдий ч төхөөрөмжийн мэдрэгчтэй дэлгэц зарим үед хариу үйлдэл үзүүлэхгүй байх асуудал ажиглагдсан ба дууны чанар нь арай бүдгэрүү хэдий ч чихэвч ашиглан шийдэх боломжтой. Одоогоор тус таблет нь 679.99 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байгаа бөгөөд энэ нь өмнөх үеийн загваруудтай харьцуулахад үнийн хувьд нэлээд өссөн үзүүлэлт юм. Энэхүү үнийн өсөлт нь дэлхий дахинд үүсээд буй санах ойн хямралтай холбоотой гэж үзэж байна.