Аргентины Leviatan баг энэ жил Masters цом хүртсэн хэдий ч VALORANT Champions Shanghai тэмцээнд оролцох боломжоо алдлаа.

Тэд энэ оны зургаадугаар сард Masters London тэмцээнд түрүүлж аваргалсан амжилт гаргасан юм. Гэвч Americas Stage 2 плей-оффт эрт хасагдсан нь тэдний аварга шалгаруулах оноо буюу Championship Points-д сөргөөр нөлөөлж, онооны болзлоо хангаж чадаагүй байна.

Championship Points систем нь тоглолтын хожил, бүсийн тэмцээнүүдийн шилдэг дөрөвт багтсан үр дүн болон Masters тэмцээнд үзүүлсэн өндөр амжилтад оноо олгодог зарчимтай юм. Үүний дотор Stage 2-ын үр дүнд илүү их жин өгч оноо тооцдог байна. Leviatan баг улирлын эхэнд амжилт гаргасан ч Stage 2 плей-оффын богино хугацааны тоглолтыг нөхөх хэмжээний оноо цуглуулж чадсангүй.