Цахилгаан бараа үйлдвэрлэгч LG компанийн ухаалаг зурагтууд хэрэглэгчдийн аудио бичлэгийг нууцаар бичиж авдаг гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдсаны дараа тус компани албан ёсны тайлбар хийлээ.

Энэхүү маргаан нь технологийн Gamers Nexus сувгаас нийтэлсэн хоёр цагийн видео бичлэгээс эхэлсэн юм. Тус видеонд LG-ийн зурагтууд дэлгэц нь унтарсан үед ч аудио мэдээлэл бичиж, сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийн дэлгэрэнгүй, байршлын өгөгдөл болон утасгүй сүлжээний мэдээллийг цуглуулдаг гэж сэрэмжлүүлсэн байв. Үүний дараа Linus Tech Tips, RTINGS зэрэг нэр хүндтэй сувгууд ухаалаг зурагтын тандалтын талаар хариу бичлэгүүд нийтэлсэн байна.

LG компанийн албан ёсны байр суурь

LG өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн мэдэгдэлдээ гол буруутгалуудыг эрс үгүйсгэв. Тус мэдэгдэлд дурдсанаар, LG-ийн ухаалаг зурагтууд хэрэглэгчдийн яриаг тасралтгүй бичдэггүй бөгөөд дамжуулдаггүй байна.

Дуу хоолойг текст болгон хувиргах үйл явц нь хэрэглэгч дуут команд идэвхжүүлэх үг хэлэх эсвэл удирдлага дээрх дуут товчийг дарсан үед л эхэлдэг аж. Идэвхжүүлэх үгийг таних аудио нь зурагт дээр өөр дээр нь боловсруулагддаг бөгөөд хэрэв идэвхжүүлэх үг илрээгүй бол дууг текст болгож хувиргахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй гэдгийг компани онцолжээ.

Мөн дуут комманд боловсруулах явцад яриа танилтын үр дүн болон холбогдох техникийн бүртгэл үүсэж болох ч эдгээр нь зөвхөн тодорхой дуут харилцаанд хамаардаг байна. LG-ийн мэдэгдсэнээр яриа танилтын үр дүнг дуут функцуудыг дэмжихэд ашиглаж болох хэдий ч зурагт офлайн байх үед эсвэл интернет сүлжээ эргэн сэргэхэд уг яриа танилтын үр дүнг дараа нь сервер рүү байршуулдаггүй гэжээ.

Түүнчлэн хэрэглэгчийн үзсэн контентод тулгуурлан зөвлөмж өгдөг Automatic Content Recognition (ACR) зэрэг зарим функцүүд нь сонголтоор ашиглагддаг болохыг компани тэмдэглэсэн байна.