Технологийн салбарын томоохон төлөөлөгч LG компани өөрийн мониторуудад зориулсан программ хангамжаар дамжуулан хэрэглэгчийн компьютерт зөвшөөрөлгүйгээр зар сурталчилгаа суулгаж байсан нь илэрчээ. Энэхүү асуудал нь Windows үйлдлийн системтэй холбогдсон LG мониторуудын драйвер шинэчлэлтийн үеэр LG Monitor App Installer гэх программ автоматаар сууснаас үүдэлтэй байна.

Асуудал хэрхэн үүсэв? Хэрэглэгчдийн мэдээлснээр, дээрх программ нь Windows Update-ээр дамжин компьютерт суусны дараа McAfee хамгаалалтын системийн 30 хоногийн үнэгүй туршилтын хувилбар болон бусад програм хангамжийг сурталчилсан цонхыг дэлгэц дээр гэнэт гаргах болсон байна. Энэхүү үйлдэл нь олон нийтийн сүлжээ болох Reddit болон технологийн мэдээллийн Gamers Nexus сувгийн анхаарлыг татаад байгаа юм.

Шүүмжлэл ба хариу үйлдэл Gamers Nexus сувгийн ерөнхий редактор Стив Бёрк өөрийн туршилтаар LG UltraGear 3GX900A-B загварын монитор дээр энэ үйлдлийг хэд хэдэн удаа давтан илрүүлснээ мэдэгджээ. Тэрээр Windows 11 үйлдлийн систем бүхий олон компьютерт уг асуудал ажиглагдсан болохыг баталсан байна.

Одоогоор LG компани уг асуудалтай холбогдуулан McAfee-ийн сурталчилгааны цонхыг дээрх програмаас татан авч байгаа гэх мэдээлэл байна. Хэрэглэгчид өөрсдийн компьютерт үл мэдэгдэх, хүсээгүй программ суулгаж буй мониторын үйлдвэрлэгчдийн энэхүү үйлдлийг хүчтэй шүүмжилж байна.