Дэлхийн амьд энтертайнмент салбарын хамгийн том компани болох Live Nation санхүүгийн гуравдугаар улирлын тайлангаа пүрэв гарагт танилцууллаа. Есдүгээр сарын 30-наар дуусгавар болсон уг улиралд нийт 61 сая үзэгч тус компанийн зохион байгуулсан арга хэмжээнүүдийг үзэж сонирхсон нь үзэгчдийн тоо болон нийт орлогыг өмнөх оны мөн үеэс 19 хувиар өсөхөд голлон нөлөөлжээ.
Тус компани гуравдугаар улиралд 10.1 тэрбум ам.долларын орлого олсны дийлэнх буюу 8.7 тэрбум ам.долларыг концертын үйл ажиллагааны орлого бүрдүүлсэн байна. Олон улсын зах зээл дэх үзэгчдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс бараг 30 хувиар өссөнөөс гадна Хойд Америк дахь концертын ирц 13 хувиар өсөж, үйл ажиллагааны орлогыг 892 сая ам.долларт хүргэжээ. Мөн есдүгээр сард задгай театрын (amphitheater) үзэгчдийн ирц түүхэн дээд хэмжээндээ хүрсэн болохыг тайланд дурдсан байна.
Концертын тасалбарын эрэлт хүчтэй хэвээр байгаа бөгөөд аравдугаар сарын тасалбар борлуулалт өмнөх оныхоос 20 хувиар өссөн аж. Live Nation компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Майкл Рапино "Уран бүтээлчид өмнөхөөсөө илүү олон газар, илүү олон шүтэн бишрэгчдэдээ хүрч, үзэгчид ч рекорд тоогоор ирж байна. Аравдугаар сар хүртэлх хугацаанд бид 170 сая тасалбар борлуулсан нь өнгөрсөн оны нийт үзүүлэлтээс давсан" хэмээн мэдэгджээ. Компани 2026 он гэхэд бараг 180 сая үзэгч хүлээн авахаар тооцоолж байна.
Live Nation-ий бусад салбаруудын тухайд, Хойд Америкийн гаднах цэнгэлдэх хүрээлэн, байгууламжуудыг хариуцдаг Venue Nation нэгж гуравдугаар улиралд 26 сая үзэгч хүлээн авсан нь 17 хувийн өсөлт үзүүлжээ. Мөн ивээн тэтгэгчийн орлого 14 хувиар өсөж 506 сая ам.долларт хүрсэн бол тасалбар түгээлтийн Ticketmaster салбарын орлого 9 хувиар нэмэгдэж 870 сая ам.долларт хүрсэн байна.