Компьютерын дагалдах хэрэгсэл үйлдвэрлэгч Logitech компани шинэ видео тоглоомууд нээлтээ хийх үеэр ажилтнууддаа чөлөө авах сонголт олгохоор болсон тухай IGN мэдээллээ. Энэхүү шийдвэр нь удахгүй нээлтээ хийх Grand Theft Auto VI (GTA 6) тоглоомын хугацаатай бараг давхцаж байгаа бөгөөд уг хөнгөлөлт зөвхөн GTA-аар хязгаарлагдахгүй, бусад тоглоомын нээлтүүдэд ч хамаарах төлөвтэй байна.

Компанийн зүгээс уг бодлогоо "Logi Game Day" хэмээн нэрлэсэн бөгөөд дотоод судалгааны үр дүнгээ үүндээ онцолжээ. Тус судалгаанд дурдсанаар, видео тоглоом тоглодог нийт хүмүүсийн 81 хувь нь тоглоом тоглох нь бодит амьдрал дээрх өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, сэтгэл түгшилтийг бууруулдаг төдийгүй өдөр тутмын ажлын бүтээмжид эерэг нөлөө үзүүлдэг гэж итгэдэг байна.

Logitech-ийн гүйцэтгэх захирал Ханнеке Фабер (Hanneke Faber) "Тоглоом тоглохыг цагийн гарз гэж үздэг хэвшмэл ойлголтыг өөрчлөх цаг болсон. Бид ажил болон зугаа цэнгэлд зориулсан бүтээгдэхүүн хөгжүүлдэг компанийн хувьд нэг талбарт идэвхтэй оролцох нь нөгөө салбарын гүйцэтгэлийг хэрхэн дэмждэгийг өдөр бүр хардаг" хэмээн ярьжээ.