Хэрэв та сүүлийн долоо хоногт MacBook эсвэл суурин Mac компьютерынхаа үйлдлийн системийг шинэчлээгүй бол яг одоо хамгийн сүүлийн хувилбарыг суулгахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Apple компаниас гаргасан сүүлийн шинэчлэлтэд халдагчид тухайн төхөөрөмжийг алсаас бүрэн хянах боломж олгож болзошгүй ноцтой цоорхойг зассан засвар багтжээ.
Аюулгүй байдлын цоорхой хэрхэн ажилладаг вэ?
Энэхүү асуудал нь Mac-ийн Screen Share буюу дэлгэц хуваалцах функцийн нэвтрэх эрх баталгаажуулалтын алдаатай холбоотой болохыг Ars Technica мэдээлсэн байна. Уг цоорхойг CVE-2026-65400 кодоор бүртгэжээ. Хэрэв дэлгэц хуваалцах тохиргоог идэвхжүүлсэн бол зөвшөөрөлгүй этгээд уг алдааг ашиглан хэрэглэгчийн гар болон хулганыг хяналтандаа авах боломжтой аж.
Apple-ийн өөрийнх нь тайлбарт дурдсанаар, сүлжээн дэх халдагч хүчин төгөлдөр нэвтрэх мэдээлэлгүйгээр тухайн Mac-д хандах эрсдэл үүсэж болзошгүйг хэрэглэгчдэдээ анхааруулсан байна. Нидерландын Үндэсний кибер аюулгүй байдлын төвөөс (NCSC) мэдээлснээр, баталгаажуулалтын явцад төлөвийн удирдлага хангалтгүй байснаас уг цоорхой үүссэн бөгөөд Screen Share асаалттай үед macOS firewall нь 5900-р портыг интернэтэд нээлттэй болгодог байна. Үүний үр дүнд ердийн үед зөвшөөрөгдөхгүй нэвтрэх оролдлогуудыг систем хүлээн зөвшөөрөх эрсдэл бий болдог ажээ.
Халдлага бодит амьдрал дээр илэрчээ
NCSC-ийн мэдээлснээр уг цоорхойг ашигласан бодит халдлагын тохиолдол бүртгэгдсэн байна. Мэдээлэгдсэн нэгэн тохиолдолд уг эмзэг байдлыг ашиглан системд root эрх авч, Monero криптовалют олборлогч программ суулгасан байжээ. Түүнчлэн энэхүү алдааг анх илрүүлсэн судлаач интернэтээс шууд хандах боломжтой, Screen Share нь асаалттай 40,000 орчим Mac байгааг тогтоосон нь уг эрсдэлд хэчнээн олон төхөөрөмж өртөж болзошгүй байсныг харуулж байна.
Кибер аюулгүй байдлын Calif фирмийн судлаачид Apple-ийн сүүлийн засварыг задлан шинжилж, уг цоорхойг илрүүлсэн бөгөөд халдлага хэрхэн хийгдэхийг харуулсан видео бичлэгийг нийтэлжээ. Apple компани өнгөрсөн долоо хоногт macOS Tahoe, Sequoia, Sonoma системүүдэд зориулсан аюулгүй байдлын засварыг гаргасан тул хэрэглэгчид төхөөрөмжөө нэн даруй шинэчлэхийг уриалж байна.