Дэлхий даяар санах ойн чипний хомсдол үүссэн нь технологийн салбарт томоохон сорилт болж байна. Энэхүү асуудал нь Apple компанийн хамгийн их борлуулалттай зөөврийн компьютер болох MacBook Air-ийн нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж эхэлснийг Bloomberg агентлагийн сэтгүүлч Марк Гурман мэдээллээ.

Санах ойн хямрал буюу "RAMageddon"

Хиймэл оюун ухааны дата төвүүдийн бүтээн байгуулалт эрчимжсэнтэй холбоотойгоор RAM болон SSD санах ойн чипний эрэлт өсөж, хомсдол үүсээд байгаа юм. Үүнийг салбарынхан "RAMageddon" хэмээн нэрлэж байна. Энэхүү хямралын улмаас Apple компани таван долоо хоногийн өмнө MacBook Air-ийн үнийг 200 ам.доллароор нэмэгдүүлсэн билээ.

Одоогийн байдлаар Apple-ийн албан ёсны онлайн дэлгүүрт 13 болон 15 инчийн M5 MacBook Air-ийн бүх хувилбарууд захиалгатай байгаа бөгөөд хүргэлт нь есдүгээр сарын эхэн хүртэл хойшлогджээ. Ялангуяа санах ой ихтэй хувилбаруудын хүлээлтийн хугацаа урт байгаа нь ажиглагдаж байна. Марк Гурманы мэдээлснээр, жижиглэнгийн худалдааны дэлгүүрүүдэд ч мөн адил бүтээгдэхүүний нөөц хомс байгаа аж.

Apple-ийн цаашдын алхам

Хэдийгээр нийлүүлэлтийн асуудал үүссэн ч Apple компанийн санхүүгийн үзүүлэлт өндөр хэвээр байна. Гүйцэтгэх захирал Тим Күүк өнгөрсөн долоо хоногт болсон санхүүгийн тайлангийн хуралд оролцохдоо Mac компьютеруудын орлого өнгөрсөн оны мөн үеэс 29 хувиар өссөн болохыг дурджээ.

Гэсэн хэдий ч нийлүүлэлтийн хямралыг даван туулахын тулд Apple компани зарим арга хэмжээг авч байна. Тухайлбал, Mac Mini болон Mac Studio-гийн зарим хувилбаруудыг онлайн дэлгүүрээсээ түр хугацаанд хассан байна. Мөн тус компани санах ойн бүрэлдэхүүн хэсгүүдийг хангах зорилгоор хар жагсаалтад орсон Хятадын чип үйлдвэрлэгчээс худалдан авалт хийх зөвшөөрөл хүсэж, АНУ-ын засгийн газарт хандаад байгаа гэх мэдээлэл байна.