Apple компанийн MacOS үйлдлийн системд зориулагдсан шинэ төрлийн хортой программ илэрснийг аюулгүй байдлын судалгааны SlowMist компани анхаарууллаа. Энэхүү программ нь хэрэглэгчийн мэдээллийг хулгайлах замаар Telegram аппликейшны сессийг нь булаан авах аюултай юм.

Судлаачдын тэмдэглэснээр, уг хортой программ нь зөвхөн Telegram хаяг руу халдах төдийгүй, крипто хэтэвчүүдийг тайлах буюу нууцлалыг нь эвдэх оролдлого хийдэг байна. Түүнчлэн, халдагчид хуурамч программ хангамжуудыг ашиглан хэрэглэгчдийг төөрөгдүүлж, крипто хэтэвчийг сэргээх нууц үг буюу recovery phrase-ээ оруулахыг шаарддаг болохыг SlowMist онцолжээ.

Иймд MacOS хэрэглэгчид үл таних эх сурвалжаас программ татахгүй байх, мөн өөрийн крипто хэтэвчний нууц үг, сэргээх түлхүүрийг ямар нэгэн сэжигтэй аппликейшнд оруулахаас сэрэмжлэхийг зөвлөж байна. Одоогоор энэхүү аюулын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аюулгүй байдлын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн судалсаар байна.