Цахим нийтлэлийн томоохон платформ болох Medium 11 дүгээр сарын 9-нд хэрэглэгчдэдээ зориулан бичвэр болон тэмдэглэл хөтлөх үнэгүй TK аппликэйшнээ танилцууллаа. Энэхүү апп нь аливаа бичвэрийг нийтлэхээс өмнөх шатанд буюу зохиогч тэмдэглэлээ цэгцлэх, найздаа урьдчилсан нооргоо хуваалцах үед ашиглахад зориулагджээ.
Хиймэл оюуны туслах ба хамтын ажиллагаа
TK апп нь бичвэр бичих явцад асуултад хариулах, санал дүгнэлт өгөх боломжтой хиймэл оюуны туслахтай бөгөөд бичвэр дотор @TK гэж бичихэд уг туслах гарч ирдэг байна. Уг туслах нь гарчиг болон найруулгын зөвлөгөө өгөх, Medium-ийн хэвлэлийн удирдамжтай нооргийг харьцуулах, хадгалсан тэмдэглэлүүдээс холбогдох хэсгийг эх сурвалжийн холбоостой нь хураангуйлж гаргаж ирэх чадвартай гэж тус компани мэдээлжээ.
Мөн хэрэглэгчид Bear, Obsidian зэрэг платформуудаас тэмдэглэлээ татах, эсвэл Medium дээрх архиваа импортлон оруулах боломжтойгоос гадна Claude-ийн нэмэлт интеграцыг дэмждэг байна. Үүнээс гадна хэрэглэгчид "Libraries" хэмээх жижиг бүлгүүдэд нооргоо хуваалцаж, сэтгэгдэл солилцох, бичвэрээ хамтран боловсруулах боломжтой юм. Энд бичигдсэн ноорог нь хувийн хэвээр үлдэх, цөөн хүнд хүрэх, эсвэл цаашид Medium-ийн платформд нийтлэгдэх боломжтой байхаар зохион байгуулагджээ.
Google-ийн урсгалын бууралт ба шинэ стратеги
Medium-ийн нийт хандалтын 44 хувь нь Google хайлтаас ирдэг байсан ч хайлтаас ирэх урсгал буурч эхэлснийг Medium-ийн гүйцэтгэх захирал Тони Стабблбайн (Tony Stubblebine) дурдсан юм. Pew Research Center-ийн 2025 оны гуравдугаар сарын дата шинжилгээнээс үзэхэд хиймэл оюуны хураангуй бүхий Google-ийн хайлтын 8 хувьд нь л уламжлалт илэрц дээр дарсан бол хиймэл оюуны хураангуйгүй хайлтад энэ үзүүлэлт 15 хувьтай байжээ.
Хэдийгээр тус компани 2024 оноос хойш ашигтай ажиллаж байгаа ч Substack болон сошиал медиатай өрсөлдөхийн тулд шинэчлэл хийх шаардлагатай байгааг тэрбээр онцолсон байна. Тони Стабблбайны хэлснээр TK нь Google-ээс хамааралгүйгээр зохиогчдод уншигчидтайгаа шууд холбогдох боломж олгох бөгөөд "TK бол бэлтгэлийн талбай, харин Medium бол тайз юм" хэмээн тодорхойлжээ.