Хүн бүрд л шийдвэрлэхээс төвөгшөөж хойшлуулдаг өдөр тутмын ажил, даалгаврууд байдаг. Тухайлбал, нислэгийн кредит авах гэж хөөцөлдөх, харилцагчийн үйлчилгээний утсыг хүлээж суух эсвэл нүүхээсээ өмнө гэрээ хэрхэн баглахаа төлөвлөх гэх мэт асуудлууд гардаг билээ. Үүнийг хялбарчлах зорилгоор Meta компани есдүгээр сарын 8-нд өөрийн агент төрлийн хиймэл оюунт туслах болох Muse AI-ийг албан ёсоор танилцуулсан юм.
Энэхүү апп нь хэрэглэгчийн сонгон холбосон аппликейшн болон хаягуудыг ашиглан аяллын захиалга хийхээс эхлээд и-мэйл илгээх зэрэг ажлуудыг таны өмнөөс гүйцэтгэх зориулалттай. Тус компанийн тэргүүн Марк Закерберг өөрийн Instagram хуудсаараа дамжуулан уг шинэ бүтээгдэхүүнийг танилцуулжээ. Одоогоор хэрэглэгчид үүнийг туршиж үзэн, цахим орчинд өдөр тутмын ажлаа даалгах туршлагаасаа хуваалцаж байгаа аж.
Тухайлбал, хөрөнгө оруулагч, контент бүтээгч Ижааз Ахамадин долоон цаг нислэг нь хойшилсны дараа Muse-д хүсэлт гаргахыг даалгасан бөгөөд таван минутын дараа түүний Delta дансанд 250 ам.долларын кредит орсон талаар мэдээлсэн байна. Мөн өөр нэг хэрэглэгч харилцагчийн үйлчилгээний ажилтан холбогдох хүртэлх утасны дуудлагыг хүлээлгэх ажлыг уг туслахад даалгасан тухайгаа хуваалцжээ.
Технологийн бүтээгч Питер Янг уг туслахыг өнөөг хүртэл туршиж үзсэн хамгийн шилдэг хувийн агент хэмээн нэрлэсэн бөгөөд 2026 оны эхээр гарсан OpenClaw агенттай жиших хүмүүс ч байна. Улмаар Muse нь Apple-ийн App Store-ийн жагсаалтын тэргүүн эгнээнд гарчээ. Мөн Wells Fargo тус компанийн үнэлгээний зорилтот түвшнийг өсгөсөнтэй холбоотойгоор есдүгээр сарын 21-нд Meta-гийн хувьцааны ханш 11 гаруй хувиар өссөн байна.
Гэсэн хэдий ч бүх хиймэл оюунт агентуудын нэгэн адил Meta Muse AI нь аюулгүй байдлын тодорхой эрсдэл дагуулдаг тул апп, төхөөрөмж болон санхүүгийн мэдээлэлдээ нэвтрэх эрх олгохоос өмнө хэрэглэгчид сайтар нягталж, болгоомжтой хандахыг сануулж байна.