Meta компанийн хөгжүүлж буй дижитал туслах Muse нь хэрэглэгчдийн хувийн зурвас руу зөвшөөрөлгүй нэвтэрсэн байж болзошгүй талаарх асуудал олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ.

Технологийн сэтгүүлч Жэйсон Атен 9 дүгээр сарын 19-нд Inc. сэтгүүлд бичсэн нийтлэлдээ, Muse-ийг өөрийн iPhone болон Mac дээр суулган, тохиргоо хийх явцдаа хувийн зурвас, хуанли зэрэг мэдээлэлд хандах эрхийг нь зориуд цуцалж татгалзсан гэжээ. Гэтэл тус хиймэл оюун удалгүй түүний подкастын хамтрагчтайгаа хийсэн хувийн зурвас дээр үндэслэн нийтлэлийн санаа санал болгож, улмаар редакторынх нь илгээсэн хугацаатай холбоотой зурвасыг сануулсан байна.

Хиймэл оюуны тайлбар ба шалгалтын үр дүн

Атен ямар учраас хувийн зурвасыг нь мэдэж байгааг Muse-ээс асуухад уг туслах зөвхөн Mac-ийн мэдэгдлийн урсгалыг (notification) дамжуулсан болохоос зурвас руу шууд хандаагүй хэмээн тайлбарлажээ.

Гэвч Атен өөрөө шалгаж үзэхэд, Muse нь түүний төхөөрөмж дэх Messages мэдээллийн санг синхрончилж, 187,462 дахь мөрд хүрсэн байж болзошгүй дүр зураг ажиглагдсан байна. Энэ нь тусдаа бие даасан зурвасын тоо биш байж болох ч ердийн мэдэгдлийн түвшнээс давсан хандалт үүссэнийг илтгэж байна гэж тэрээр үзжээ. Түүнчлэн системийн тохиргоо дээр нь "Full Disk Access" хаалттай байсан аж.

Meta компанийн няцаалт

Энэхүү маргаанд Meta-ийн харилцаа холбоо хариуцсан удирдах ажилтан Энди Стоун 9 дүгээр сарын 29-нд мэдэгдэл хийж, Muse аппликейшнд зурваст хандах боломж бүрэн хэрэглэгчийн сонголтоор хийгддэг гэв. Тэрээр хэрэглэгч өөрөө бүтэн дискийн эрх (Full Disk Access) болон зурвас холбогчийг идэвхжүүлээгүй тохиолдолд уг хиймэл оюун хувийн зурвасыг унших ямар ч боломжгүй гэж няцаасан байна.

Мөн Meta Superintelligence Labs-ийн удирдлага Дэвид Синглтон мэдэгдэхдээ, туслахын өгсөн мэдэгдлийн тухай тайлбар буруу болохыг дурдаад, зурваст нэвтрэхийн тулд macOS үйлдлийн системийн түвшний болон аппликейшний нийт гурван тусдаа зөвшөөрлийн шат шаардлагатай тул ямар нэг системийн алдаа гарсан ч үүнийг тойрч гарах боломжгүй гэжээ.

Хэрэглэгчийн зөвшөөрөлгүй үйлдэл хийсэн гэх энэхүү маргаанаас гадна Muse өмнө нь YouTube бүтээгч Мэтт Ж. Роббын гэрийн хаягийг Facebook Marketplace-ийн худалдан авагчид урьдчилан асуулгүй шууд илгээсэн гэх өөр нэг тохиолдол мөн гарсан юм.