Технологийн аварга Microsoft компани олон жилийн турш Xbox консолынхоо өмнөх үеийн тоглоомуудыг шинэ төхөөрөмж дээрээ тоглуулах тал дээр анхаарч ирсэн билээ. Харин өнөөдрөөс эхлэн энэхүү боломж зөвхөн консол төдийгүй Windows үйлдлийн системтэй компьютерүүдэд нээлттэй болж байна.
"Xbox Backward Compatibility on PC" хэмээн нэрлэгдсэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд анхны үеийн Xbox-ын сонгогдсон тоглоомуудыг PC дээр тоглох болон худалдан авах боломжтой боллоо. Эхний ээлжинд BLiNX: The Time Sweeper, Conker: Live and Reloaded, Crimson Skies: High Road to Revenge, болон Fuzion Frenzy гэсэн дөрвөн тоглоомыг PC-д зориулан гаргаад байна.
Тоглох боломж болон техникийн үзүүлэлт
Хэрэглэгчид эдгээр тоглоомыг тус бүр 10 ам.доллароор худалдан авах боломжтой. Харин Xbox Game Pass захиалагчид эсвэл консол дээрээ эдгээр тоглоомыг дижитал хэлбэрээр худалдан авсан хэрэглэгчид нэмэлт төлбөргүйгээр шууд тоглох эрхтэй юм. Гэсэн хэдий ч анхны Xbox-ын дискийг PC-ийн диск уншигчид хийж тоглох боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
PC дээр тоглогдох эдгээр тоглоомууд нь график дүрслэлийн хувьд зарим давуу талуудтай. Тухайлбал, Vsync дэмжлэг, anisotropic filtering, сайжруулсан anti-aliasing, болон анхны SD дүрслэлийг 4x хүртэлх нягтаршилтайгаар (2560x1920) харуулах боломжтой. Гэхдээ тоглоомууд нь анхны фрэйм хурд болон харьцаагаараа (ихэнх нь 30 fps, 4:3 харьцаатай) хязгаарлагдана.
Microsoft-ын мэдээлснээр, энэхүү эхний багцын тоглоомуудыг 11 жилийн өмнөх GTX 950 график карттай төхөөрөмж дээр тоглох боломжтой. Гэвч хамгийн сайн гүйцэтгэлтэйгээр тоглохын тулд 2017 оны үеийн GTX 1070 Ti (8GB VRAM) график картыг ашиглахыг зөвлөж байна.