Өнгөрсөн Пүрэв гарагаас эхлэн Баасан гарагийн өглөө хүртэл үргэлжилсэн томоохон саатлын улмаас дэлхий даяар Outlook, Teams зэрэг олон төрлийн чухал программууд ажиллахгүй болж, байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учирлаа. Уг асуудал Баасан гарагийн өглөөнөөс намжиж эхэлсэн байдалтай байгаа бөгөөд Microsoft уг саатлын нөлөөнд харамсаж буйгаа илэрхийлж, кибер халдлагын магадлалыг үгүйсгэсэн байна. Гэвч үүний дараа Office 365 багцын төлбөрийг төлдөг байгууллагууд хохирлоо хэрхэн нөхөн авах вэ гэдэг асуудал хөндөгдөж эхэллээ.

Microsoft бэлэн мөнгө буцааж олгох уу?

Quartz болон Office Watch зэрэг эх сурвалжуудын тайлбарласнаар, Microsoft компани уг саатлын улмаас хэнд ч бэлэн мөнгө өгөх өргүй аж. Гэхдээ энэ нь ямар ч нөхөн төлбөр олгохгүй гэсэн үг биш юм. Тус компани саатлын үед дараагийн сарын төлбөрөөс хасаж тооцох credit буюу төлбөрийн хөнгөлөлт олгодог байна.

Хамгийн гол нь уг хөнгөлөлтийг автоматаар олгодоггүй бөгөөд байгууллагууд өөрсдөө хүсэлт гаргаж нэхэмжлэх шаардлагатай.

Нөхөн төлбөрийг хэрхэн тооцдог вэ?

Microsoft-ийн үйлчилгээний гэрээнд (SLA) зааснаар OneDrive, Outlook зэрэг багцын программ бүрийн сарын ажиллах хугацааг 99.9 хувийн найдвартай байлгахаар амласан байдаг. Хэрэв аль нэг үйлчилгээний ажилласан хугацаа энэ босгоос доош унавал хөнгөлөлт шаардах боломж бүрддэг байна.

Гэсэн хэдий ч тус компани саатлын хугацааг тооцохдоо маш хатуу дүрэм баримталдаг. Нийт саатсан хугацааг сааталд шууд өртсөн хэрэглэгчийн тоогоор үржүүлж тооцдог төдийгүй бүхэл бүтэн багцаар нь бус зөвхөн ажиллаагүй тухайн программд тусад нь ногдуулдаг байна. Тухайлбал, Teams хэвийн ажиллаж, зөвхөн Outlook саатсан бол хөнгөлөлтийг зөвхөн Outlook-ийн төлбөрийн дүнд хамааруулж тооцно. Иймээс саатлын хугацаанаас хамаарч 25 эсвэл 50 хувийн хөнгөлөлт олгогдох бөгөөд нийт дүн нь ердөө хэдхэн доллар болох тохиолдол ч байдаг аж.

Хэн хүсэлт гаргаж болох вэ?

Хувь ажилтнууд энэхүү нөхөн олговрыг нэхэмжлэх боломжгүй бөгөөд зөвхөн албан ёсны лиценз эзэмшигч байгууллагууд хүсэлт гаргах эрхтэй. Программыг Microsoft-оос шууд худалдан авсан байгууллагууд Office admin center-ээр дамжуулан, саатлын дугаар болон нарийвчилсан мэдээллийг илгээн хүсэлтээ гаргах ёстой ба эдгээр хүсэлтийг 12-р сарын сүүлч хүртэл хүлээн авахаар заажээ. Харин шууд бус борлуулагч эсвэл Cloud Solution Provider (CSP) түншүүдээр дамжуулан авсан байгууллагуудын хувьд процесс өөр байж болох юм.