CS2-ийн (Counter-Strike 2) дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдийн нэг болох CCT Global Finals тэмцээн өндөрлөж, Украины Monte баг Данийн HEROIC багийг шийдвэрлэх тоглолтод 3:1 харьцаатайгаар буулган авч аварга боллоо.
Тэмцээний туршид Monte багийн тоглогч afro гайхалтай амжилт үзүүлж, нийт 15 газрын тоглолтод 1.33 гэсэн өндөр үзүүлэлтээр багаа тэргүүлсэн байна. Түүний гарамгай тоглолт нь Monte багийг ялалтад хөтлөх гол хүчин зүйл болсон юм.
HEROIC баг хагас шигшээд Eternal Fire багийг 2:0-ээр хожиж шигшээд шалгарсан ч, шийдвэрлэх тоглолтод Monte багийн хүчтэй өрсөлдөөнийг дийлээгүй юм.
CCT Global Finals тэмцээний нийт шагналын сан 250,000 доллар байсан бөгөөд аваргалсан Monte баг 125,000 долларын эзэн боллоо. Энэхүү ялалт нь Monte багийн хувьд маш том амжилт болж байгаа бөгөөд тэднийг CS2-ийн шилдэг багуудын нэг гэдгийг баталж байна.