Nasdaq хөрөнгийн биржид бүртгэлтэй, даатгалын технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Шанхайн Zhibao Technology компани биткойн ашиглан хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ. Тус компани Joyertech and Information OPC-тэй хувьцаа худалдах гэрээний урьдчилсан нөхцөлийг тохиролцсон байна.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд ойролцоогоор 3,500 биткойн буюу одоогийн ханшаар 220 сая ам.доллар орчимтой тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг хувьцаагаар солих юм. Гэсэн хэдий ч энэхүү тохиролцоо нь эцсийн үнэлгээ, аудитын шалгалт, зохицуулалтын хяналт болон хууль эрх зүйн эцсийн гэрээнд захирагдах бөгөөд одоогоор заавал биелүүлэх үүрэг хүлээгээгүй байна.
Компанийн өөрчлөлт
Zhibao Technology нь Хятадад анхны дижитал даатгалын зуучлалын платформыг нэвтрүүлж байсан туршлагатай. Хэрэв уг хэлэлцээр амжилттай болбол хөрөнгө оруулагч тал удирдах зөвлөлийн гишүүдийн олонхыг томилох эрхтэй болох юм. Энэ нь компанийн удирдлагын бүтцэд томоохон өөрчлөлт орохыг илтгэж байна. Одоогийн удирдлагын баг нь тодорхой хугацаанд үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах ч цаашид тусгаарлах эсвэл бүтцийн өөрчлөлт хийх төлөвтэй байна.
Зах зээлийн хариу үйлдэл
Энэхүү мэдээллийн дараа Zhibao компанийн хувьцааны үнэ 24 орчим хувиар өссөн байна. Компани нь бэлэн мөнгөөр биткойн худалдаж авахын оронд шууд биткойныг төлбөрт авах замаар балансдаа криптовалютын сан хөмрөг үүсгэх замаар үйл ажиллагаагаа өөрчлөхөөр зорьж байна. Гэвч шинжээчид криптовалютын сан хөмрөгийн өсөлтийг хөөс гэж үзэх эрсдэлтэйг анхааруулж байгаа бөгөөд зарим компаниуд зах зээлийн дарамтын улмаас биткойноо зарж эхлээд байгааг дурджээ.