Дэлхийн томоохон стриминг үйлчилгээ болох Netflix компани 2022 онд жүжигчин, найруулагч Бен Аффлекийн үүсгэн байгуулсан InterPositive хиймэл оюун ухааны компанийг худалдаж авсан байна. АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд ирүүлсэн тайланд дурдсанаар, Netflix гуравдугаар сард хийсэн худалдан авалтынхаа төлөө 587 сая ам.долларыг бэлнээр төлжээ.

Хэдийгээр тайланд тухайн компанийн нэрийг дурдаагүй ч гуравдугаар сарын 5-нд зарлагдсан InterPositive-ийн хэлцэл нь энэхүү мэдээлэлтэй нийцэж байгаа юм. Bloomberg-ийн таамаглаж байснаар Netflix уг компанийг 600 сая хүртэлх ам.доллараар худалдан авч магадгүй байсан аж.

Бен Аффлек өөрийн старт-апын талаар тайлбарлахдаа, InterPositive нь текст оруулах буюу хийсвэрээр зураг, дүрс үүсгэдэг технологи биш гэдгийг онцолжээ. Харин тус компанийн бүтээсэн хэрэгслүүд нь тухайн киноны онцлогт тохирсон загварыг бий болгож, улмаар дууны найруулга болон өнгө засах зэрэг пост-продакшны ажилд ашиглагддаг байна. Энэ нь уран бүтээлчдэд зураг авалтын талбай дээрх жүжигчдийн тоглолтод илүү анхаарлаа хандуулах боломжийг олгох зорилготой юм.

Технологийн хэмнэлт

2024 онд Бен Аффлекийн зүгээс гаргасан патентын мэдүүлэгт дурдсанаар, InterPositive-ийн технологи нь кино үйлдвэрлэлийн зардлыг мэдэгдэхүйц бууруулах боломжтой аж. Тодруулбал, уг технологи нь арын албаны ажилчид, киноны нэмэлт хэсгүүдийн зураг авалт болон дахин зураг авалттай холбоотой зардлыг орлох боломжтой юм. Ингэснээр кино бүтээх хугацаа болон физик үйлдвэрлэлийн зардлыг 20 хувиар, харин VFX буюу дүрсний эффекттэй холбоотой зардлыг 50 хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна.

Netflix-ийн зүгээс энэхүү худалдан авалтыг “кино бүтээгчдийг үйл явцын төвд байлгах, тэдний инновацийг дэмжих” алхам хэмээн тодорхойлжээ.