Өмнөд Солонгосын тоглоом хөгжүүлэгч Nexon компани алдарт Blizzard-тай “StarCraft” цувралын дараагийн тоглоомыг хөгжүүлэх гэрээ байгуулахаар яриа хэлэлцээ хийж байгаа тухай мэдээлэл гарчээ. Тодруулбал, Солонгосын “Chosun” хэвлэлд мэдээлснээр талууд гэрээ байгуулахад тун ойрхон байгаа бөгөөд уг тохиролцоо нь “StarCraft 2”-ын залгамж халаа болох төдийгүй цаашлаад “StarCraft 3” болж хөгжих боломжтой төслийн эрхийг Nexon-д олгож магадгүй аж.

Гэсэн хэдий ч энэхүү мэдээлэл одоогоор бүрэн батлагдаагүй бөгөөд талуудын хэлэлцээний түвшин өөр өөрөөр яригдаж байна. Тухайлбал, Өмнөд Солонгосын өөр нэгэн хэвлэл болох Newsis-ийн мэдээлснээр Nexon болон Blizzard нар “StarCraft”-ын хөгжүүлэлт, үйлчилгээтэй холбоотой гэрээний талаар ярилцаж байгаа нь үнэн боловч хэлэлцээ дөнгөж эхний шатандаа яваа юм байна. Одоогоор ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй байгаа бөгөөд тоглоомын төрөл болон хөгжүүлэлтийн ажлын хуваарилалт ч тодорхой болоогүй байгаа ажээ.

Одоогоор энэхүү хэлэлцээний талаар Nexon болон Blizzard-ын аль нь ч албан ёсны тайлбар, баталгаа хийгээгүй байна. Newsis агентлаг Nexon компаниас тодруулга авахаар хандахад ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан байна.