Steam платформын алдартай гуравдагч талын мэдээллийн сан болох SteamDB 13 жилийн дараа эзэмшигчээ сольж, Nexus Mods-ийн толгой компани болох Chosen-ий мэдэлд шилжлээ. Гэсэн хэдий ч энэхүү наймааны дараа тус талбарт юу тохиолдох бол гэдэгт хэрэглэгчид санаа зовж байгаа аж.

Үүсгэн байгуулагч Павел “xPaw” Жундик (Pavel Djundik) SteamDB-ийг ганцаараа хариуцан авч явахад хэт ачаалалтай болсон тул өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн ажлаа хүлээлгэн өгөх хамтрагч хайж байснаа мэдэгджээ. Шилжилтийн явцад тэрээр үргэлжлүүлэн ажиллах бөгөөд цаашид илүү том баг уг төслийн хөгжүүлэлт болон дэд бүтцийг хариуцан авч явах юм байна.

Chosen компани болон xPaw нарын мэдээлснээр SteamDB нь өөрийн нэр, вэбсайт, веб хөтчийн өргөтгөл, Discord суваг болон Steam группээ хэвээр авч үлдэх гэнэ. Түүнчлэн одоогийн үнэгүй боломжууд нь хэвээр үлдэх бөгөөд уг сайтыг ашиглахад Nexus Mods-ийн хаяг шаардахгүй, хоёр үйлчилгээ тусдаа хэвээр байна гэдгийг тодотгосон байна.