Америк хөлбөмбөгийн “Питтсбург Стилерс” (Pittsburgh Steelers) багтай хамт Супер Боулын дөрвөн удаагийн аварга болж, Алдрын танхимд заларсан домогт тоглогч Жэк Хэм эрүүл мэндийн яаралтай тусламж шаардагдсаны улмаас эмнэлэгт хүргэгджээ. Одоо 77 настай тэрбээр “Пенн Стэйт” (Penn State Nittany Lions) багийн радио тайлбарлагчаар ажилладаг бөгөөд Вашингтоны эсрэг хийх тоглолтын өмнө бие нь гэнэт муудсан байна.
Түүнийг яаралтай Вашингтоны Их Сургуулийн Эмнэлгийн Төвд хүргэн эмчилгээ хийсэн бөгөөд яг ямар оноштой болох нь одоогоор тодорхойгүй байна. “Пенн Стэйт” багийн ахлах дасгалжуулагч Мэтт Кэмпбелл тоглолтын өмнөх залбирлын үеэр багийнхандаа энэ тухай мэдэгдсэн бөгөөд хожим Хэмийн биеийн байдал тогтворжсон болохыг бататгажээ. Мөн тухайн үед яаралтай тусламж үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хамтран тайлбарлагч Стив Жонст талархал илэрхийлсэн байна.
Уг тоглолтод “Пенн Стэйт” өрсөлдөгчөө 28-25 харьцаагаар буулган авсан юм. Багийн тоглогчид домогт хамгаалагчийнхаа төлөө нэгдэн тоглосон нь тэдэнд урам зориг өгсөн гэдгийг хуваалцжээ. Хамгаалагч Жэмисон Паттон түүний бие тогтворжсонд баяртай байгаагаа илэрхийлээд, энэхүү ялалт нь түүний сүнс багтай хамт байсныг харууллаа хэмээн дурдсан байна.
Түүнчлэн спортын ертөнцийн олон төлөөлөгч, тухайлбал NFL-ийн дасгалжуулагч асан Тодд Хэйли болон их сургуулийн удирдлагууд, хөгжөөн дэмжигчид цахим сүлжээгээр дамжуулан Жэк Хэмд хурдан эдгэрэхийг хүсэж, залбирч буйгаа илэрхийлсээр байна.