Филиппиний теннисний од Алекс Эала 2026 оны эхэнд чансааны 53-т эрэмбэлэгдэж байсан бол амжилтаа ахиулан WTA-ийн шууд чансаанд 15-р байрт хүрээд байна. Түүний ур чадвар төдийгүй гадаад төрхийг шүтэн бишрэгчид нь гоо бүсгүйтэй зүйрлэх болсон бөгөөд 21 настай тамирчин бүсгүй өөрийгөө хэрхэн арчилдаг тухайгаа сэтгүүлчдэд дэлгэжээ.
Хонконгт байхдаа фенүүдийнхээ магтаалыг сонссон тэрбээр гадаад үзэмжээ эцэг эхдээ талархахын зэрэгцээ эрүүл амьдралын энгийн зарчмуудыг баримталдаг гэв. Эалагийн хэлснээр түүний гоо сайхан, эрүүл мэндийн үндэс нь хангалттай унтах, эрүүл мэндээ эн тэргүүнд тавих болон аз жаргалтай байх гэнэ. Тэрбээр "Хүн аз жаргалтай байх үедээ өөрөө аяндаа гэрэлтдэг. Би одоо үнэхээр аз жаргалтай байна" хэмээн ярьжээ.
Мөн хооллолтын хувьд тэрбээр жирийн хүнтэй харьцуулахад хамаагүй эрүүл хооллодог ч амттан идэх дуртайгаа нуугаагүй бөгөөд бие болон сэтгэл зүйгээ зөв тэтгэхийг эрмэлздэг аж.
Түүнчлэн Эала завгүй хуваарьтай байсан ч өөртөө цаг гаргахыг чухалчилдаг. Түүний шөнийн арьс арчилгаанд ретинол, ниацинамид агуулсан бүтээгдэхүүн, зовхины тос, вазелин (petroleum jelly) багтдаг. Мөн теннис тоглох үед нуруу нь ил гардаг тул уг хэсэгтээ ч лосьон түрхдэг байна. Түүний сонирхолтой нэг зуршил нь унтахынхаа өмнө үнэртэй ус цацдаг явдал бөгөөд энэ нь өөртөө таатай мэдрэмж төрүүлэхэд тусалдаг гэжээ. Сүүлийн үед тэрбээр ном уншиж тайвшрах болсноо ч мөн өөрийгөө халамжлах нэг хэлбэр хэмээн тодорхойлсон байна.
Түүний амжилт, төлөвшилд эцэг эх Розмари, Майкл нар нь асар их нөлөө үзүүлснийг тамирчин бүсгүй дурдсан юм. Алекс Эала наймдугаар сард болсон "Mubadala Citi DC Open" тэмцээнд анхны WTA ганцаарчилсан төрлийн түрүүгээ хүртэж байсан бол Хонконгийн нээлттэй тэмцээний хагас шигшээд Мария Саккариг 7-5, 3-6, 6-4 харьцаагаар буулган авч, аваргын төлөө шалгараад байна.