Америкийн хөлбөмбөгийн (NFL) одон асан Дейон Сандерс давсагны хорт хавдрыг ялсны дараа тохиолдсон эрүүл мэндийн хүндрэлийнхээ талаар “The Basement with Tim Ross” подкастад оролцохдоо илэн далангүй ярьжээ.
Тэрбээр 2025 онд судасны асуудалтай холбоотойгоор ээлжит CT шинжилгээ хийлгэх үеэр давсгандаа санамсаргүй байдлаар масс илрүүлсэн байна. Улмаар Колорадогийн их сургуулийн Хавдар судлалын төвийн шээс бэлгийн замын хавдрын мэс заслын захирал, доктор Жанет Кукрежад ханджээ. Эмч нар түүний хавдрыг маш өндөр эрсдэлтэй гэж тодорхойлсон бөгөөд хавдар давсагны дотор хана руу нэвчсэн ч булчингийн давхаргад хүрээгүй байсан аж.
Мэс засал ба шинэ давсаг
UCHealth-ийн мэдээлснээр Сандерст давсгаа авч үлдэж, давсаг руу шууд хими эмчилгээ хийх урт хугацааны эмчилгээ сонгох хувилбар байсан ч тэрбээр давсгаа бүрэн авахуулах radical cystectomy мэс заслыг сонгосон байна. 2025 оны тавдугаар сард хийсэн уг хагалгаагаар түүний нарийн гэдэсний хэсгийг ашиглан хиймэл давсаг буюу "neobladder" бүтээжээ.
Хэдийгээр хагалгааны дараа Сандерс хавдаргүй болсон ч гэдэсний хэсгээр хийсэн шинэ давсаг нь анхны давсагтай бүрэн адилхан биш тул түүнд шээсээ хянах, барихад хүндрэл үүссэн байна. Тэрбээр подкастын үеэр "Би орон дээрээ суугаад биеэ хянаж чадахгүй байсан. Давсаг намайг танихгүй, би ч давсгаа танихгүй. Бид хоёр дөнгөж л бие биетэйгээ дасаж эхэлж байна" хэмээн дурсжээ.
Бэрхшээлийг хуваалцсан нь
Энэхүү асуудлынхаа улмаас Сандерс шээс задгайрлын эсрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Depend брэндтэй хамтран ажиллах болсон бөгөөд энэ нь түүний амьдралыг хэвийн үргэлжлүүлэхэд тусалсан гэдгийг онцолсон юм. Түүнийг асуудлаа нээлттэй хуваалцсаны дараа маш олон хүн холбогдож, ижил бэрхшээлтэй нүүр тулж байгаагаа илэрхийлжээ.