Америкийн үндэсний хөлбөмбөгийн лиг (NFL) шүүмжлэл дагуулсан шийдвэрүүдийнхээ нэгийг эргэн харж, хоёр тамирчинд оноосон торгуулиа бүрэн хүчингүй болгохоор болжээ. Тодруулбал, «Даллас Ковбойс» багийн тайт-энд Жейк Фергюсон болон «Сан-Франциско 49ers» багийн фуллбэк Кайл Юсчик нар гоол (тачдаун)-ын баяраа тэмдэглэсний төлөө торгууль хүлээгээд байсан юм.

Лигийн зүгээс тэднийг талбай дээр шар айраг задлан ууж буй үйлдлийг дуурайсан хэмээн буруутгаж, Фергюсонд 13,611 ам.доллар, Юсчикт 14,926 ам.долларын торгууль ногдуулаад байв.

Гаторэйдоор нотолсон нь

Жейк Фергюсон хоёрдугаар долоо хоногт «Вашингтон Коммандерс» багийг 37-20 харьцаагаар хожсон тоглолтод дөрвөн дамжуулалт хүлээн авч, 43 ярд ахин хоёр тачдаун хийсэн юм. Тэрбээр хоёр дахь үед тачдаун хийснийхээ дараа ундаа задлан ууж буй мэт баярласан бөгөөд лиг үүнийг "соёлгүй үйлдэл" гэж үзжээ.

Харин Фергюсон өөрийгөө шар айраг биш, спортын Gatorade ундаа ууж буйгаа харуулсан гэж тайлбарласан байна. Түүний баг бэлтгэлийн үеэр яг ийм байдлаар Gatorade ундаагаар баяраа тэмдэглэж байсан бичлэгийг сошиалд нийтэлж байснаа нотлох баримт болгон үзүүлснээр торгуулиа цуцлуулж чаджээ.

Жүүс хайрцаг ба хоч

Нөгөө талд Кайл Юсчик хоёрдугаар долоо хоногт «Майами Долфинс» багийг хожсон тоглолтын дараа мөн адил торгууль аваад байв. Лиг түүнийг шар айраг залгилж буйг дуурайсан гэж үзсэн ч Юсчик өөрийн “Juice” хэмээх хочтой холбоотойгоор жимсний жүүс ууж байгаагаа дүрсэлсэн хэмээн маргасан юм.

Тэрбээр хэвлэлийнхний өмнө "NOT BEER" (шар айраг биш) гэсэн бичигтэй сав барьж, өмсгөлийнхөө жимсний жүүсний зураг бүхий хамгаалалтыг заан үзүүлж байв. Мөн тэрбээр NFL лиг Bud Light шар айрагны брэндтэй өргөн хүрээнд хамтран ажилладаг атлаа ийм торгууль тавьж байгааг шүүмжилсэн байна. Улмаар NFL уг үйлдлийг шар айраг бус хайрцагтай жүүс уух хөдөлгөөн байсан хэмээн хүлээн зөвшөөрч, торгуулийг хүчингүй болгожээ.