Наймдугаар сарын 11-нд 25 настай нөлөөлөгч (инфлүүнсэр) Арриелла Симонс худалдаж аваад хоёр долоо хоног ч болоогүй байсан Ninja Creami зайрмагны машинаараа хийсэн амттанаа идэж байхдаа дотроос нь өт олсон тухайгаа цахим орчинд хуваалцжээ. Энэхүү өтнүүд нь Симонсын Creami төхөөрөмжийн гадна савны таг хэсэгт үүрлэсэн байсан аж.
Уг бичлэгийг одоогийн байдлаар 8.5 сая хүн үзээд байгаа бөгөөд хэрэглэгч Кейли Роусонелос сэтгэгдэл хэсэгт “Мөнгөгүй байдал маань намайг дахин нэг удаа аварлаа” хэмээн хошигнон бичжээ. Түүнчлэн хоёр жилийн өмнө Reddit форум дээр өөр нэгэн хэрэглэгч яг ийм асуудлын талаар бичиж байсан бөгөөд Симонст тохиолдсон явдал нь анхных биш юм.
Энэ нь Ninja Creami төхөөрөмжийн үйлдвэрлэлийн алдаа биш бөгөөд харин цэвэрлэгээ, арчилгааны асуудал гэж үзэж байна. Ninja Creami-ийн гадна савны таг нь ирийг тогтоодог бөгөөд ус үлдэж хоцрох боломжтой маш олон жижиг завсар, савлагаатай байдаг аж. Ялаа нь харанхуй, чийгтэй газарт үрждэг тул энд өт үүсэх нөхцөл болдог байна. Хэрэв та төхөөрөмжөө өтнөөс хол байлгахыг хүсвэл дараах заавраар зөв цэвэрлэх шаардлагатай.
Хэрхэн зөв цэвэрлэх вэ?
Алхам 1: Төхөөрөмжийг салгах
Хэрэглэснийхээ дараа Ninja Creami-ийн бүх хэсгийг салгана. Гадна савны таг болон доторх аягыг гаргаж, тагны түгжээг татан ирийг салгаж авна.
Алхам 2: Аяга таваг угаагч машинд угаах
Моторын сууриас бусад бүх эд ангийг аяга таваг угаагч машины дээд тавиур дээр тавьж угааж болно. Энэ нь хамгийн нарийн цэвэрлэгээ болохоос гадна өндөр хэмд ариутгаж өгдөг.
Алхам 3: Гар аргаар угаах
Хэрэв аяга таваг угаагч машин байхгүй бол халуун усаар сайтар үрж угаана. Хамгийн чухал хэсэг бол гадна савны таг юм. Ирийг авч, суурилуулах хэсгийг сайтар үрж угаана. Угаах явцдаа бүх хэсгийг ил гаргахын тулд түгжээг татаж, резинэн жийргэвчийг авч, завсруудыг нь үрж угаана. Тагны нүхнүүдээр халуун ус урсгаж зайлна.
Алхам 4: Бүх хэсгийг сайтар хатаах
Чийг бол хамгийн том дайсан тул угаасны дараа бүх эд ангийг маш сайн хатаах хэрэгтэй. Жижиг зай завсартай хэсгүүдийг усыг нь бүрэн гоожуулж хатаахын тулд хажуу тийш нь хазайлгаж тавих нь зүйтэй.